Wednesday, October 8, 2008

Цахар

Бас Тарвагатайн жанжны захиргааны нэгэн сум Эмилийн Хулстай гол, Цагаан-Овоо хэмээх газар оршдог байв.
Эдгээр цахарууд нь Манжийн түрэмгийлэгчид Зүүнгарыг дайлан сөнөөх үед 1758 онд Илийн газар хүн ардгүй эл хуль болсон учир энд тэндээс хүн нүүлгэн ирүүлж аж ахуй эрхлэх хийгээд зах хязгаарыг сахиулахаар Долнуур, Хөх хотын тэндээс цахар 8 хошуунаас хүн тасалж нүүлгэн шинэ хязгаарыг батлан сэргийлэх цэрэг болгон суулгасан нь нутгийн торгууд, өөлдтэй холилдон “цахар” хэмээх нэртэй холимог ард болжээ.

1911-1912 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөхөд ар, өвөр, баруун, зүүн Монголчууд нэгэн аяар хөдлөн бүхий үеэс Синьжяны газар Хятадын дарлал нэн ихэссэн тул Илийн хуучин цахарын дэд дарга Сумъяа 100 гаруй өрх ардыг авч Оросын газраар дамжин ирж Монгол улсад дагаар орсныг Хиагтын баруун тал Зэлтэр голд Хар хужир, Хавтгай зэрэг харуулаар суулган нутаг олгожээ.

Мөнөөхөн Сумъяа нь Богд хаант Монгол улсын төрд хичээн зүтгэж гавъяа байгуулсан учир “Ялгуун баатар бэйс” цол шагнуулан албат харъяат нь бас даган хошуу болсон байна.

Түүнчлэн Сумъяа нь 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт ах дүүс, хошуу хотлоороо оролцон ихэд хүчин зүтгэсэн юм. Тус хошууны хүн ард 1928 онд 75 өрх 246 ам байжээ.

1931 онд 135 өрх 751 ам хүн байв.

Ялгуун баатар бэйсийн хошуу нь 1923 оноос Их түшиг уулын хошуу Зэлтэр гол сум гэгдэж байгаад 1927 онд Зүүн бүрэн уулын хошуунд нийлэн, 1931 онд тус хошуунаас байгуулсан Түшиг сум болжээ.

1936 онд Түшиг сум нь Цагааннуур, 1942-1959 онд Цааганнуур, 1960 оноос Зэлтэрийн сангийн аж ахуй, Цагааннуур сум хэмээгдэх болжээ.

Тус нутгийн хүн ам нь буриад, халх зэрэг ястантай холилдон сууж, хэл яриа нь хэв заншил нь халхаас бараг ялгахгүй болжээ.

No comments:

Post a Comment