Tuesday, October 7, 2008

Халимаг

Өдгөө Каспийн тэнгисийн баруун эрэг, Ижил мөрний дагуу амьдарч буй халимагууд нь Монголын нэгэн ястан байсан билээ. Халимаг гэдэг нь “хальмг” хэмээх турк үгээс гаралтай, орчуулбал үлдэгдэл гэсэн утгатай үг хэмээн зарим эрдэмтэд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл лалын шашинтан болоогүй тул тэднийг ингэж нэрлэжээ.
“...Цорс овгийн ноён Хархулын хүү Баатар хунтайж тархай бутархай ойрдуудыг нэгтгэхэд амьдралаа зориулжээ. Түүний тэмцэл салангид биеэ даах гэсэн олон ноёдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Энэ тэмцлийн явцад торгуудын Хоо өрлөг ноён 1607 онд харъяат 50 000 өрхийн 250 000 хүнийг дагуулан Тарваагатайгаас нүүдэллэн баруун Сибирь хүрч 15 жил суурьшаад улам цаашлан ахиж нүүсээр 1636 онд Ижил мөрний газар бүр мөсөн суурьшлаа. Тэдний мөрөөр хошууд овгийн Хөндлөн убаши тайж харъяат 3000 өрхөө дагуулан мөн Ижил мөрөн явав. Ийнхүү Европт монголчууд амьдран суух болсон ба тэднийг халимаг гэх болжээ” хэмээн Баабар “Нүүдэл суудал”-даа өгүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар манай дэлхий дээр 400 мянган халимаг үндэстэн амьдардаг. Түүнээс Орост 156 мянга, БНХАУ-ын Шинжаань-Уйгарт 150 мянга нь оршин суудаг. Мөн АНУ, Герман, Франц, хуучин Югослав, Тайваньд цөөхөн халимагууд байдаг.

1920 оноос Оросын эрх баригчид Халимагийг автономит хязгаар хэмээн нэрлэх болсон тухайгаа албан ёсоор зарласан юм. 1936 Халимагийн Бүгд Найрамдах улс болсон билээ. Гэвч дэлхийн II дайны үед буюу 1943 онд фашист Германтай хамтран ажилласан хэмээн буруутгаж нөхөр Сталин халимагуудыг Казахстаны хойд хэсэг болон Сибирь рүү нутаг заан суурьшуулж 1957 онд дахин автономт хязгаар болгожээ. Энэ тухай түүхэнд сонирхолтой тэмдэглэл үлдсэн байдаг. Тухайн үеийн Халимагийн эрх баригчид Гитлерт есөн цагааны бэлэг барьж байсан тухай баримт бий. Хуучин ЗХУ задарсны дараахан буюу 1990 онд Халимагийн Бүгд Найрамдах улс гэгдэх болсон юм.

Халимагийн Бүгд Найрамдах улс нь 322 мянган хүн амтай. Түүнээс дийлэнх нь халимагууд бөгөөд 122 мянга нь орос үндэстэн. Тэдний үндсэн хэл нь орос боловч ойр зуурын монголоор ярьцгаадаг. Монгол яриа нь ерөнхийдөө манай дөрвөдүүдтэй бараг ялгаагүй. Монголчууд орчин цагийн халимагийг Цагаанзамын дуулсан “Ээж минь” дуугаар таньдаг болсон билээ. Халимагуудын ихэнх нь мал аж ахуй эрхэлдэг. Газрын тос, хийн ордтой боловч сүүлийн үед цэвэр усны асуудал нэлээд хурцаар тавигдаад байгаа. Халимаг нь ОХУ-ын буурай хөгжилтэй бүгд найрамдах улсуудын тоонд ордог бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай, парламенттай.

Халимагийн тухай ярихад Ерөнхийлөгчийн Кирсан Илюмжиновыг дурсахгүй байхын аргагүй. Улс төрийн амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүн гэж болно. Парламентын гишүүдийн гуравны нэгийг Ерөнхийлөгч томилох эрхтэй байдаг нь аль зэрэг нөлөөтэй болохын нэгэн илэрхийлэл болов уу.

Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов 2005 оны сүүлчээс Шинжаан-Уйгараас 10 мянган халимагийг нутагтаа аваачиж суурьшуулах гэж байгаа тухай анх албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ нь Оросын эрх баригчдын гайхлыг төрүүлсэн гэдэг. Гэвч Москва энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болсноо К.Илюмжинов тайлбарлахдаа Хятадад амьдардаг тэд төрөлх хэлээ мартаагүй мал аж ахуй, тариалан эрхлэлт зэрэг уламжлалаа хадгалан үлдсэн гэдгийг онцолсон. Хамгийн гол нь энэ нь уламжлалт мал аж ахуйгаа сэргээхэд тус дэм болох аж.

1990 онд Шинжаань-Уйгараас ойролцоогоор 100 гаруй халимаг айл Элистед ойролцоо хөдөө нутагт шилжин суурьшсан байна. Тэд жижиг, дунд бизнес амжилттай эрхэлж, хөдөлмөрч, хамгийн гол нь хууль дүрмийг чандлан баримталдаг үлгэр жишээ иргэд болохоо харуулжээ. Кирсан Илюмжинов энэ туршлага дээрээ тулгуурлан уг төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Хамгийн сонирхолтой нь Хятадын “Дунфан зяабао” сонинд бичсэнээр Москва дахь БНХАУ-ын ЭСЯ-ны нэгэн ажилтны мэдэгдсэнээр энэ төслийн талаар Хятадын тал юу ч мэдээгүй аж.

Ер нь Халимагийг Кирсан Илюмжиновгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. 1992 оноос өнөөдрийг хүртэл тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. 1991 он хүртэл Оросын Коммунист намын гишүүн, 1992 онд Оросын Холбооны аж ахуй эрхлэгчдийн танхимын ерөнхийлөгчөөр томилогдсон. 1993 онд Холбооны Зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж нийт таван өрсөлдөгчөөс хамгийн олон буюу 75 хувийн санал авч ялалт байгуулсан билээ.

Чамгүй хөрөнгөтэй тэрбээр 1995 онд Дэлхийн шатрын холбооны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш нэлээд их зүйл хийсэн. Шатар болон Халимагийг сурталчлан дэлхийгээр аялсан билээ. Энэ тухайгаа “Намайг ДШХ-ны ерөнхийлөгч болохоос өмнө Халимагийн Бүгд Найрамдах улсын тухай хэн ч мэддэггүй байсан. Зам, хийн хоолой гээд энэ бүхнийг барих мөнгийг би олж ирсэн” хэмээн ярьсан. Энэ аяллын ачаар Ерөнхийлөгч Илюмжинов дэлхий даяар найзтай болсон. Ливийн удирдагч М.Каддафи, АНУ Иракийн эсрэг дайтаж эхэлчихээд байхад Кирсан Саддам Хусейнтай нэг бус удаа уулзаж байсан. Тэрбээр Халимагийн дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл оруулдаг болгосон. Жижигхэн Халимагийг шатрын ачаар дэлхийд нэртэй болгохын төлөө чадах бүхнээ хийж Элисте хотыг шатрын нийслэл болгох зорилго дэвшүүлсэн билээ. 50 сая ам.долларын өртөгтэй шатрын нийслэлийг барих тухай ч нэг хэсэг ярьсан. Өнгөрсөн оны зургадугаар сард ДШХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болоход тэрбээр нэлээд шаргуу тэмцсэний ачаар улиран сонгогдсон юм. Түүний өрсөлдөгчид Илюмжинов шатрын нэр хүндийг унагааж байна хэмээн шүүмжилж байсан.

Буддын шашинтан тэрбээр XIҮ Далай ламыг Элистед авчрахын тулд тууштай тэмцсэнийхээ хүчээр зорилгодоо хүрсэн билээ. Халимагийн нийслэл дэх Ерөнхийлөгчийн ажлын өрөөнд орсон хүмүүс Далай лам, Ленин, Чингэс хааны хөрөг байдаг тухай ярьсан.

Кирсан Илюмжинов 25 сая ам.доллараар алтан сүм бариулсан. Харамсалтай нь Халимагийн эдийн засгийн байдал сайжраагүй, өрнөөсөө өндийж чадахгүй байна хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдсээр байгаа. Халимагийн жирийн иргэдийн амьдрал ч сайжирсангүй. Манжийн дарлалд орохгүй гэсэндээ алс хол нүүсэн. Дараа нь тэндээ үүрд үлдсэн монгол үндэстний мах цусны тасархай халимагийн талаар товч дурдахад ийм байна.

Ю.Дэлгэрмаа

1 comment:

Anonymous said...

saihan blog boljee

Post a Comment