Tuesday, October 7, 2008

Анх удаа Монголд цагаачлалын виз олголоо

АНУ-аас Монгол улсд суугаа ЭСЯ Монголын хоёр иргэнд анхны цагаачлалын визийг нь гардуулав. Энэ нь Монголд суугаа элчин сайдын яам анх удаагаа монгол иргэдэд цагаачлалын виз гардуулж байгаа тохиолдол юм байна. Урьд нь бүх төрлийн цагаачлалын визний асуудлыг БНСУ-ын Сөүл дэх АНУ-ын Элчин сайдын яаманд шийдвэрлэдэг байсан. Тэгвэл энэ сарын нэгнээс эхлэн бүх төрлийн цагаачлалын визийг Монгол улс дахь ЭСЯ-нд шийдвэрлэж байхаар болжээ.

Сөүл рүү явж цагаачлалын виз шийдвэрлүүлэхэд нэг хүн дунджаар 1000 ам.доллар зарцуулдаг гэж бодоход Монгол дахь ЭСЯ-нд шийдвэрлүүлснээр жилдээ 200 цагаачлалын виз олгож үүгээрээ Монголчуудад 250 мянган ам.долларын зардлыг хэмнэх урьдчилсан тооцоо гарч байгаа хэмээн мэдээллээ.


"Манай ЭСЯ-нд Цагаачлалын виз хариуцсан хэсгийг бий болгосноор хуулийн дагуу цагаачлахад туслах болон гэр бүл дахин нэгдэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Мөн хоёр улсын хоорондын аялал жуулчлал болон хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэх зорилгоор энэ хэлтэст АНУ-ын Засгийн газар хөрөнгө оруулж байгаа юм. Монголын ард түмэнд зориулсан үйлчилгээг өргөжүүлж байгаадаа баяртай байна" хэмээн Элчин сайд Марк Минтон хэллээ.
Тус ЭСЯ-ны Консулийн хэлтсийн дарга консул Роберт Поп монголын иргэн Б.Ууганжаргал болон Т.Тэнгис нарт визийг нь гардуулж, Элчин сайд Марк Минтон баяр хүргэж мэндчиллээ.
АНУ-ын элчин сайдын яамны Консулийн хэлтсийн дарга Роберт Попоос дараахь асуудлыг тодрууллаа.
-Монгол улсын иргэд АНУ-д визгүй зорчиж байх асуудлыг байнга ярьдаг. Энэ удаагийн цагаачлалын виз олгож эхэлж байгаа яваандаа визгүй зорчих боломжтой болох эхлэл гэж үзэж болох уу?
-Визгүй зорчих хөтөлбөр бол цагаачлалын бус виз хүсч байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр. Энэ асуудал бол цагаачлалын визнээс тусдаа асуудал. Энд зөвхөн цагаачлалын виз хүсч байгаа иргэдэд үйлчилгээг хөнгөвчилсөн боломж олгож байгаа юм.
-Жилдээ танай Элчин сайдын яаманд хичнээн виз хүссэн өргөдөл ирдэг вэ?
-Жилдээ 12 мянган визний мэдүүлэг хүлээн авдаг. Түүнээс 40 орчим хувь нь виз авдаг. Энэ тоо цаашдаа өсөх байх хэмээн найдаж байна. Яагаад гэвэл виз авах шаардлага хангасан боломж ихтэй хүмүүсийг виз мэдүүлээсэй гэж хүсдэг. Гэхдээ бид өөрсдийн стандарт, шаардлагаа мөрддөг ёсоороо мөрдөх болно. Ер нь бизнесийн хүрээний, аялал жуулчлал, суралцахаар явах хүмүүсийг илүү виз мэдүүлээсэй гэсэн бодол байдаг. Тодорхой сургууль, ажил эрхэлдэггүй залуус зургаан сарын хугацаатай хэл сурна гэж виз хүсдэг энэ нэг л үнэмшил муутай санагддаг. Ер нь бизнесийн чиглэлийн болон суралцах чин хүсэлтэй хүмүүс илүү их виз мэдүүлээсэй гэж хүсч байна.
-Гадуур АНУ-ын виз гаргана гэсэн зар их явдаг. Энэ ямар учиртай байдаг юм бол? Виз мэдүүлэхэд ямар зүйлийг анхаарах вэ?
-АНУ-ын виз гаргахад зуучилна гэсэн зар байдаг л даа. Энэ бол үндэслэлгүй. Ер нь англи хэл мэддэггүй хүмүүс визийн мэдүүлгээ тухайн хэлээр бичихэд л тусламж авч болох юм. Түүнээс төчнөөн мянган доллар төлөөд АНУ-ын виз гаргана гэсэн ойлголт байж болохгүй. Ер нь цагаачлалын бус виз мэдүүлэхэд тодорхой хуулиар тавигдах шаардлага байдаг. Цагаачлалын бус виз мэдүүлэхдээ богино хугацаагаар тус улсад аяласны дараа монголдоо эргэж ирнэ гэсэн баталгаа байх ёстой. Мөн санхүү, гэр бүлийн, бизнесийн, өмчлөлийн баттай баталгааг хардаг. Өөрөөр хэлбэл монгол улсдаа буцаж ирэх хангалттай шалтгаан байгаа эсэхийг хардаг юм. Ийм шаардлагыг хангасан бол виз авч чадна.
-Сая энэ сарын гуравнаас ногоон картны сугалаа зарлагдлаа. Энэ бүгдийг зуучилж өгнө гэсэн компаниуд гарч ирээд байна л даа. Энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ногоон картны сугалаанд хэн ч оролцох боломжтой. Компьютероор санаандгүй байдлаар сонгож авдаг сугалаа. Хэрэв тийм зуучлах хүмүүс гарч ирж мөнгө төгрөг нэхэмжилж зуучилж байгаа бол үүнд итгэх хэрэггүй. Энд англи хэлтэй хүмүүс гэрээсээ өөрсдөө оролцох боломжтой.
-АНУ-ын консулын газрын ажилтнууд өөрсдөө визний наймаанд оролцдог гэсэн яриа байдаг. Энэ цуурхалыг няцааж чадах уу?
-Энэ асуудлыг худлаа гэж хэлэх байна. Ямар нэгэн байдлаар визний хууль бус асуудал явагддаг гэсэн ямар нэгэн баталгаа, нотолгоо байхгүй. Визийн асуудал дээр маш хатуу хяналт тавьж ажилладаг. Консулын ажилтнууд бие биенээ маш хатуу хянах үүрэгтэй байдаг. Хэрвээ ямар нэгэн хууль бус ажиллагаа гаргах гэж оролдох л юм бол ЭСЯ-ны хараа хяналтаас мултрах аргагүй. Түүнээс гадна аюулгүй байдлын асуудлыг хариуцсан бүхэл бүтэн алба ажиллаж байна. Энэ алба бол АНУ-ын визийн асуудлыг хэр хууль тогтоомжийн дагуу сахиж ажиллаж байна вэ гэдгийг хянадаг. Хэрвээ визийн асуудлаар ямар нэгэн хууль бус ажиллагаа хийвэл маш хүнд гэмт хэрэгт тооцогддог, хатуу шийтгэлтэй. Энэ тохиолдлын талаар бидэнд одоогоор ямар ч баримт байхгүй. Хэрвээ хууль бус баримт байвал бидэнд мэдэгдэхийг хүсье.
-Ер нь АНУ-д хичнээн монголчууд амьдарч байгаа бол?
-Баттай сайн хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 10 мянган монголчууд байдаг гэж үздэг. Зарим нь албан ёсны, зарим нь хууль бус байдаг болохоор баттай тоо хэлж мэдэхгүй байна. ер нь монгол иргэд цагаачлалын визний стандартыг хангах юм бол аль болох дэмжих болно. Ийм ч учраас цагаачлалын визний асуудлыг энд шийдвэрлэдэг болж байгаа юм.
-Цагаачлалын виз мэдүүлэхэд чөлөөтэй болж байна гэж ойлгож болох уу?
-Таны цагаачлалын виз хүсэх анхны алхам нь тус яамны вэб хуудас руу хандах хэрэгтэй. "http://ulaanbaatar.usembassy.gov" Энэ вэб хуудаснаас та цагаачлалын болон цагаачлалын бус визний талаар, мөн түүнчлэн Америк иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг олж авна. Цагаачлалын визний шалгуурыг хангахын тулд олон үндэсний визний сугалаа хожих эсвэл АНУ-ын иргэн буюу хууль ёсны байнгын оршин суугчийн хамаатан болон ажил олгогч ивээн тэтгэгчтэй байх ёстой. Эдгээ хүмүүс АНУ дахь Иргэншил болон Цагаачлалын албанд хүсэлт гаргах эсвэл гадаад улсуудад суугаа АНУ-ын ЭСЯ-д болон Консулын газруудад тодорхой тохиолдлуудад хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргахаас өмнө доод тал нь зургаан сарын хугацаанд Монгол Улсд хууль ёсоор, тасралтгүй оршин суусан АНУ-ын иргэний ойрын хамаатаны цагаачлалын визний талаарх хүсэлтийг ЭСЯ хүлээн авна. Оюутан, жуулчин гэх мэт тус улсд түр хугацаагаар оршин сууж буй хувь хүмүүсийн оршин суугчийн энэхүү шалгуурыг хангахгүй бөгөөд АНУ дахь Иргэншил болон Цагаачлалын Албан хүсэлтээ гаргана. Хүсэлт батлагдсан тохиолдолд виз мэдүүлэгч ярилцлаганд орох эрхтэй болдог. Цагаачлалын изний талаар баасан гариг бүр 13-14 цагуудад мэдээлэл өгч байна. Виз мэдүүлэх стандарт шалгуурыг хангасан хэн ч болов АНУ-д зорчих эрхтэй болно.

Цагаачлалын визээ гардсан Б.Ууганжаргалтай уулзсан юм. Тэрээр АНУ-д сурч байхдаа америк залуутэй гэрлэсэн. 26 настай. Нөхөр нь мэргэжлийн хөгжмийн зохиолч гэнэ. Тэд гэрлэлтээ Лас Вегас хотод батлуулсан байна. Хууль ёсоор цагаачлалын виз авахаар мэдүүлсэн нь ийнхүү биелэлээ олжээ.

Т.Тэнгис хүү зургаан настай. Аав Тамир нь АНУ-д хууль ёсны дагуу амьдардаг. Саяхан хүртэл Иракт Америкийн зэвсэгт хүчинд алба хааж байсан бөгөөд одоо цэргийн албандаа байгаа. Ээж нь Германд оюутан. Ийнхүү хүүдээ байнгын оршин суугчийн виз хүссэн нь ийнхүү биелэлээ олж аав, ээж, хүү гурав нэг гэрт амьдрах болсон байна. Тэнгис хүү аав, ээжтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай байна. Харин америк хүүхдүүдтэй яаж нэг ангид сурнаа. Хэл мэдэхгүй гэсэн юм.
Д.Догсмаа /МОНЦАМЭ/

No comments:

Post a Comment