Буриадад энэ үзэл хоёр чиглэлтэй байсны нэг нь Хаант засгийн нөхцөлд нэгдэх, нөгөө нь большвекуудын амалсан үндэснүүдийн бие дааж тусгаар тогтнох эрхийг эдэлж нэгдэх урсгалууд бөгөөд аль аль нь нармай Монголын үзэл хэмээн шоовдорлогдон нэрлэгдэж эмгэнэлтэй үр дүнд хүрчээ.» (Д.Бямбасүрэн)
Гэвч энэ ад үзэгдсэн «Мангаа» хаанаас юунаас үүсэв?
1919 оны 2-р сарын 15-нд Чита хотноо Ононгийн хуранж нутгийн орос, буриадын хурлийз, эцэг талаас Чингисийн удамтай гэх атаман Семеновын даргалсан нууц бага хурал болж Өвөрмонголын 49 хошуу, буриадын 7 аймаг, баргыг төлөөлсөн 16 хүн оролцсон Нэгдсэн монгол улс байгуулах шийдвэр гаргаж, төрийн тэргүүнээр Богд Жавзандамбыг, засгийн тэргүүнээр Чингисийн алтан ургаас удамтай Өвөрмонголын Жалайрын Найс гэгээн Мэндбаярыг өргөмжлөв. Гэтэл энэ бага хуралд Гадаад Монгол оролцохоос татгалзсан төдийгүй шийдвэрийг хүргэж ирсэн генерал Левикцийг ч хүлээж аваагүй нь түүнийг алсаас цуцалсан хэрэг байжээ.Гэвч энэ нь монголын төр дургүйдээ биш Хятадын хатуу хяналтанд орчихсон байснаас буюу тэдний шахалтаар ингэсэн хэрэг байв. Зарим судлаачид «захидал бичиж Гомбо-Идшин гүнээр хүргүүлж байсан» гэж үзсэн нь байдаг. Энэ бүхнийг үгүйсгэх аргагүй бөгөөд ямар боловч Найс гэгээнийг Монголд орж ирэхэд Хиагтад тосч байсан Хятадууд хамт явсан хүмүүсийнх нь хамтаар яргалан хөнөөсөн нь бат нотлох баримттай юм.Үйл явдлын үр дагавар үүгээр дууссангүй «Нэгдсэн монголын үзлийг талархан дэмжиж байсан үлэмж олон буриадууд монгол нутаг руугаа дүрвэн нүүж, 20 жилийн дараа буриадын хэрэг хэмээх гунигт түүх үргэлжлэх шалтаг болов. Эзэн хаант Нэгдсэн Монгол улс байгуулах оролдлого ингэж төгсжээ» (Д.Бямбасүрэн)
Тиймээ. «Оролдлого нь ингэж дууссан ч үзэл санаа нь монголчуудын зүрх сэтгэлд хэзээ ч бөхөөгүй байхаа.Харин час улаан коммунистуудын хувьд, тэгэх тусмаа Зөвлөлт төрийн төлөөний хүчин болох Хувьсгалт нам, түүний уламжлалыг өдгөө ч өвлөн өргөж, улайран хамгаалж явдаг хэсэг бүлгийн хувьд энэ бол санаанд нь багташгүй зүйл юм.Энд нэг бяцхан, тэгэхдээ эрүүл ухаанаар бодоход ичмээр ч, хөх инээд хүрмээр ч нэг жишээг дурдая.Энэ бол коммунист дэглэмээс хойшхи үед тохиолдсон явдал юм шүү. Гэхдээ монголчууд энэ дэглэмээс, тэгэх тусмаа коммунист үзлээс салсан гэж хэлэхэд, лав л Ху нам төр барьж байгаа цагт, эргэлзээтэй юм. Д.Бямбасүрэн нарын сэдэл санаачлагаар 1993 онд Дэлхийн Монголчуудын Их чуулга уулзалт болж, удирдлагын бүтцээ байгуулсан нь монгол үндэстний хувьд, монгол улсын хувьд, түүний ирээдүйд үнэхээр түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ.Тэнд яригдсан асуудал, дэвшүүлсэн зорилт, дараа нь хийж эхэлсэн арга хэмжээнүүд юу байсныг сонирхсон хэн бүхэн саяны түүхэн үйл явдлууд, хэвлэлийн нийтлэлүүдээс үзэж харж болох учир энд олныг нуршаад яах вэ? Хоёр хөгийн жишээг дурдая.
1.Төрийн эрх баригч «Хувьсгалчдын» нам дэлхийн монголчуудын их чуулга хийнэ гэдэг бол олон улсын, ялангуяа хоёр гүрний зэвүүцлийг хүргэж МУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулна. Энэ бол панмонголизмын үзлийг дэлгэрүүлж байна хэмээн улайран дайрч байлаа. Тэдний «Салхич шувуу» болон гарч ирсэн нэгэн дэндүү өчүүхэн «эрхэм» бичээчийн бичсэнийг «Үнэн» сонинд хоёр дахин нийтэлж, оны шилдэг бичлэгийн шагналаа хүртээснээр барахгүй хожим нь «Алтан гадас»одон шагнав. Харамсалтай нь энэ хүн нь панмонголизм гэдэг нь юу болохыг даанч төсөөлөхгүй нэгэн байв. Гэтэл тэдний үзэж байснаар хамгийн ихээр хилэгнэн зэвүүцэх ёстой ОХУ-ын элчин сайд харин ч элэгсэг дотно мэндчилгээ дэвшүүлэн, их чуулга уулзалтыг талархан дэмжиж буйгаа илэрхийлж, амжилт хүсэх бичиг өргөв.
2.ДМХ-оос 1994 онд Монгол туургатан хүүхдийн наадам зохион байгуулав. Тэр арга хэмжээний гол удирдагч ДМХ- ны дэд ерөнхийлөгч Халимагийн Ерөнхийлөгч К.Үлэмжиновыг ирэхэд Жасрайн засаг «төрийн зочид буудалд байрлуулахгүй» хэмээн сүржигнэж шившигээ тарив. Тэр ч бүү хэл уг арга хэмжээнд (хүүхдийн урлагийн наадам шүү дээ) төрийн хүн оролцож болохгүй гэсэн бас нэгэн «проблем» гарч эцэст нь УИХ-ын ганц гишүүн Мөнхөө, тэгэхдээ эмэгтэйчүүдийн даргын хувиараа л юм шүү гэсэн тодотголтойгоор чимээгүйхэн оролцов. Төрийн найзтай өөр хэн ч оролцох ёсгүй гэв.Гэтэл сүүлийн жилүүдэд, энэ мэтийн арга хэмжээ нь мөнөөх намын төр засгийн хэрэгжүүлж байгаа хамгийн мундаг ажлуудын нэг болчихсон цохиж явах. Инээдэмтэй байгаа биз. Нэгдсэн Монгол улс байгуулах үзэл бол чухамхүү Эзэн Богд Чингис хааны минь эрхэм дээд үйлс байсныг яах ёстой болж байна вэ? Мөнөөх «панмонголист» хэмээн зүхэгдсэн Д.Бямбасүрэн бичихдээ: «Социализмын зарчмын хүрээнд Нэгдсэн Монгол Улс байгуулах үзэл түүнээс хойш17 жил насалж өмнөхөөсөө дутуугүй гунигт үр дагавартайгаар дарагдсан юм. Монгол оронд ардын хувьсгал гарч , түүнийг жолоодсон Монгол Ардын Нам анх байгуулагдах үеэс мөрийн хөтөлбөртөө улс үндэсээ нэгтгэж, сэргээн мандуулах зорилго тавьсан нь нийт монголчуудын итгэлийн зулыг бадрааж байсныг буриадууд ч хуваалцаж байлаа. Тэд социализмын үзэл санаа нь дарлагдсан улс үндэстнийг чөлөөлж, өөртөө засан тохинох эрх олгоно гэсэн большевикуудын ухуулгад үнэмшин итгэж байв» гэжээ. Ийм ч болохоор 1924 оны 11-р сард Монголын анхны их хуралд ирсэн Буриад-Монголын Ардын Комиссаруудын Зөвлөлийн дарга М.Н.Ербанов баяр хүргэсэн үгэндээ: «Бидний ахан дүүс уугуул монголчууд та бүхэн өөрийн эрхийг бататган, тусгаар тогтносон улсаа байгуулж, монгол угсаатныхаа итгэл найвар, түшиг тулгуур болж, танай Өргөө дахь Засгийн газар манай хүсэл тэмүүлэл, итгэлийг татсан төв боллоо. Та бүхэн өөрийн үйл ажиллагаагаа бүх монгол угсаатнаа нэгтгэхэд чиглүүлж, Азийн дарлагдсан буурай улс түмнийг боолчлолоос чөлөөлөхөд тусламж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт би итгэж байна. Эрх чөлөөт монголын ард түмэн мандтугай! Бүх мoнгол угсаатны нэгдэх үйлс, тэдний аз жаргалтай ирээдүй мандтугай! » хэмээсэн нь, нэг талаас хүн ардынхаа Монголоо гэсэн сэтгэлийн дээжийг илэрхийлж, нөгөө талаас большвизм, түүний номлосон эрх чөлөөг туйлын гэнэн цагаан сэтгэлээр хүлээж авсны илрэл байлаа. Зөвлөлт гүрэн ямар ч нөхцөлд хүчирхэг Монгол хөрштэй байхыг үл хүсэхээр барахгүй өөрийн бүрэлдэхүүнд буй буриадыг монголд нэгтгэхийг хэзээ ч үл зөвшөөрөх байсныг хожмын түүх нотолсон билээ.Энэ бүхнээс харахад пан буюу Нармай монголын үзэл гэгч нь хэнд «эрхэм» хэнд «аюултай» болох нь ойлгомжтой бөгөөд хэн нь хэний төлөө байгааг ч «илчлэх» нэгэн сэжүүр болой. Тухайлбал «Алсдаа монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ» хэмээн тунхаглан зарласан Монголын Ардын нам, Монголын нэгдсэн улс байх үзэл санааг тэгтлээ үзэн ядаж ирсэн МАХН (одоо ч хэвээр) хоёр хэн нь хэн юм бэ? Эзэн гүрэн болон тэдний монгол дахь төлөөний хүчний зохиосон «панмонголизм» хэмээн хий үзэгдэл 1920-30-аад онд буриадууд төдийгүй Ар, Өвөр монголын үндэсний удирдагчдын эсрэг ямархан аюул тарьсныг Монгол үндэстний үр сад хэн боловч мартах ёсгүй бөгөөд үүний тулд түүний үнэнхүү утга чанар, учир холбогдолыг танин мэдэх учиртай билээ. 1921 оны хавар 110 мянган хүн амтай Ага, Баргуужин, Чикайн гурван аймагтайгаар Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Буриад Монголын өөртөө засах (автономит) мужийг байгуулжээ. Мөн оны 10-р сард ЗСБНОУ-ын бүрэлдэхүүнд Түнхэн, Бохар, Алайр, Эхирид, Булгад, Сэлэнгийн аймгийг 185 мянган хүн амын бүрэлдэхүүнтэйгээр хоёрдахь Буриад автономит мужийг тусад нь бий болгов. Ингэж Зөвлөлт Орос улсын газрын зурагт хоёр буриадын муж зэрэгцэн төрсөн түүхтэй. 1922 онд АДБНУ-ыг татан буулгаж буриадын хоёр мужийг нэгтгэн Автономит Зөвлөлт Социалист Буриад Монгол Улс гэж нэрлэн Түнхэн, Бохар, Алайр, Эхирид, Булгад, Хорь, Троицкосавск Баргуужин аймгийг харъяалуулан ЗСБХОУ-ын засаг захиргааны нэгж болгосон юмсанжээ. Алив эд барааг хайчилж эмчилж зүйгээд өмсгөл зүүлт хийх нь нэг хэрэг. Харин нэгэн бүхэл бүтэн ард түмний хувь заяаг шийдэхэд хүн амаас гадна үндэсний соёл, хэл заншил, шашин шүтлэгийг нь яах вэ? 1932 оны 9-р сарын 23-нд Бүх Зөвлөлтийн гүйцэтгэх Төв хорооноос батласан заавар ёсоор зөвхөн Буриадын аглаг хошуу сумдад Буриад Монгол хэлээр, Муж хийгээд Бүгд найрамдах улсын түвшинд гагцхүү орос хэлээр албан хэргээ хөтлөх тухай заалт оруулсан байна. 1926 онд Буриад Монгол болон БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хооронд хамтарч хэл бичгийн дүрэм нэр томъёог боловсруулах комисс байгуулагдсан боловч төд удалгүй панмонголизмийн үнэр ханхалж байна хэмээн тараав. Аймшигт 1937 оны 9-р сарын 26-нд Гүйцэтгэх төв хорооны шийдвэрээр Буриадын газар нутгын тал хувийг Эрхүү Чита мужид Ага, Улаан, Онон, аймгийг шилжүүлэн өгч Агын буриадын үндсэн тойрог гэгчийг, Эрхүү мужид Алайр, Бохан, Эрхид, Булгад, Ольханы аймгийг өгч Усть-Ордынскийн үндэсний тойрог үндэсний тойрог болохыг заагаад уг тогтоолд ЗСБНХУ-ын ГТХ-ны дарга М.Калицин, нарийн бичгийн дарга А.Горькин нар мутарласан байна. Энд нэгэн зүйлийг онцлон дурьдахад Байгалийн чанадах Буриад Монголын Автономит Улстай нь холбон өгч байсан Ольхан аймаг нь Эрхүү мужид очсоноор цөөн буриадуудын нэгэн бүлд аж төрөх хүйн холбоог таслаж засаг захиргааны аргаар аймаглан үгүй хийх бодлого хэрэгжиж эхэлсэн юм. Ингэж л Монголын мах цусны тасархай «Буриадуудыг» буруутгасан, бутаргаж, бусниулсан байдаг.
Эх сурвалж: Буриад зоныг залхаан цээрлүүлсэн нь
С.Баатар