Friday, October 10, 2008

Өвөрмонголын зохиолч Б.Лигдэнгийн 26 жил дарагдсан өгүүлэл

Монголын сүүлчийн хааны нэртэй энэ хүн Өвөр Монголчуудыг “Хүнэн шугуйд төөрөөгүй Монгол” гэж ярьдаг ажээ. 1943 онд малчин ардын гэрт төрж 1964 онд Өвөр Монголын Их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимд шалгаран орж суралцсан боловч соёлын хувьсгалын үеэр сургууль нь тасарчээ. Гэвч тэр 1970 онд их сургуулиа төгссөн гэж ажилд оржээ. Монгол-Хятадын харилцаа сайжирч эхэлсэн 1989 онд Лигдэн гуай Өвөрлөгчдөөс Монгол улсад ирсэн анхны хүмүүсийн нэг байв. Нутагтаа буцаж очоод “Нар саран доорх Монгол орон” нийтлэл бичсэнээс хэл аманд ихээхэн орооцолджээ. Тэр Монголоо гэх сэтгэлтэй хүн юм. Б.Лигдэн гуайн олон жилийн өмнө бичсэн “Би Монгол хүн” өгүүллийг сониноороо хүргэе гэж бодлоо. Энэ их түүхтэй өгүүлэл. Одоогоос 20 гаруй жилийн өмнө бичсэн энэ өгүүлэл 23 жил дарагдаад саяхан буюу 2004 оны эхээр АНУ дахь Монголчуудын байгуулсан “Баруун эргийн Монголчуудын соёлын сан”-гаас интернэтэд тавьсан байна. Харин үүнийг саяхан Монголд ирсэн Японы их сургуульд ажилладаг Монгол эрдэмтэн /цахар хүн/ авч явсныг нь гуйж аваад нийтэлж байна. Энэ өгүүллийг эрх чөлөөтэй, тусгаар Монгол улсын иргэн бид бодож уншмаар санагдана. Монгол хүн л мэдэрч сэрж чадах утга санаа энд бий мэт, Мэдээж эрх чөлөө бага, элдэв хяналт чанга газарт үүнийг бичсэн тул эрхээрээ сагасан мань мэтэст их л битүүлэг, зөөлөн мэт санагдаж магадгүй ээ. Гэхдээ яагаад бичсэнээс нь хойш 26 жилийн дараа бид уншив гэдгийг л та бодоорой доо. Монголчууд биднийг нэгтгэсэн нэг л тийм сэтгэлийн хэлхээ холбоо юу бичсэнийг нь мэдрүүлэх болов уу.


Би Монгол хүн
/Өвөр Монголын зохиолч Б.Лигдэн/

Би Монгол хүн. Энэ үг хэдий дөгөмхөн (богино) боловч миний чихэнд хөгжмийн аясаас сайхан хангинам сонсогдож, миний нүдэнд шижир алтнаас илүү гялалзам харагдаж, миний сэтгэлд сархадын галаас илүү мэлчигнэм (Мэтэлзэм) санагддаг.

Ишиг хурганы майлааг чагнаж, унага, тугалын тоглооныг үзэж, адасган дээр өнхрөөд, эвэр угж үмхэж монгол гэрт бойжсон би “Би монгол хүн” гэдгийнхээ утгыг бодуутаа хүчтэй шажирган сэтгэлээр хөвчлөгддөгсөн. Монгол хүн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлгээ гэгч ертөнцийн нэг гайхамшиг байгаа юм аа.

Монгол гэрийн барааг үзэхтэй зэрэг хойморт суудаг оонын эвэр соёо, охор урт сур дэлгэчихээд чөдөр өмсгөж байгаа өвгөд минь, тулганы зүүнтээ цомцойж суучихаад сүүгээ хөөрүүлж байгаа настай эмгэд минь, энэрэнгүй сайхан харцаа энхрий үрсийнхээ зулай дээр тусган хөхүүлж байгаа залуу эхчүүд, уургаа чирсээр зүлгэн дундуур адуугаа цуглуулж байгаа залуу адуучид бөртөлзөх шиг болоод л байдаг. Өнгө өнгийн утсаар сүлжин нэхсэн эрээн хивс шиг өргөн уудам тал цайдам, өндөр өндөр хэрэм мэт сүндэрлэн боссон асгат хайрхан, уран шувууд уянгалан донгодсон эгц шугуй, утсан угалз шиг мушган мурилзсан урсгалт тунгалаг гол, уд бургас харанхуйлан бүрхсэн их их говь балар, тана, сувд, мана, шүр, болор мэт тал дээгүүр бөмбөлзсөн таван хошуу малууд, далайн давалгаа шиг хэсэг намиран, хэсэг намхарч, тэнгэрийн үүл шиг хэсэг сийрэг, хэсэг нягт, солонго шиг харагдана.

Гэвч солонгоос бодитой болохоор нэн гоёмсог мяралзана. Хөл нүцгэн дэрсэн дундуур тугал хариулж явсан минь саяхан хэрэг шиг тодхоон. Хөр цасан дундуур туулай шиг наадсан минь зурагт радионы үзэгдэл шиг илхээн. Энгэрээ халалцан барилдаж тоглосон багын найз нар минь нэг нэгээрээ, эмнэг сургадаг авга нар минь тэр дүрээрээ санааны минь тольд мөнхийн цовоо дүрээ үлдээжээ. Цэст эвэр, модон суулга, ширмэн тогоо, үндсэн аяга, гэрийн сүүдэрт хэвтэртэй халтар нохой, гэдэс цатгалан унтамтгай алаг муур сэтгэл зүрхний минь өнгө ялгарам солонгорсон мөнхийн зургийн бүтээдэг.

Надаар л хэлүүлдэг юм бол энэ зургийг ямар газрын үзэсгэлэн дэлгэлээ гээд дэлхийн тэргүүн болох юм аа. Төрсөн нутгаасаа түмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь төмөр гинжээр аргамжсан мэт эргэлдээд байдаг нь миний Монгол орон. Хангинан цуурайтсан монгол хөгжмийн аяс, уртын дууны эгшгийг харийн газраас сонсвол уйтгарлангүй сэтгэл минь борооны дараах цэлмэсэн огторгуй шиг тунгалагжаад, сууж тогтомгүй хөвөлзөөд л байдаг. Хүний газар гэнэтийн тохиолдлоор монгол ах дүүтэйгээ анх ханьсахад ч төрөл садан шиг л дотнохон байдгийм.

Алс оронд монгол хэлээ сонсвол ээжийн минь дуу дахиад сонсогдсон юм шиг халуухан, яруухан, элэгтэйхнийг яана вэ. Бүхэл хонины ууцаар дайллага тавьдаг зочинсог зантай монголчууд, бүрхээрээр архи нэрээд бүлээнээр нь залгилдаг монголчууд, урт хувцсаа өмсөөд сүү саалиа идээд, морио унаад модоо (эмээлээ) тохоод дуугаа дуулдаг, эртнээс аваад уул мэт сууж, ус мэт явж, тал мэт хэвтэж, гал мэт бадран, цэцэг мэт дэлгэрдэг нь миний үндэстэн. Алт мөнгөн тэвнийн сүвэгчийг алдалгүй харвагч намнаачинтай, арслан барсыг чихдэн дарагч аварга бөхчинтэй, алс газрыг товчлон нисэгч хурдан морьтой, мөн ч миний үндэстэн. Өвсний соргог, усны тунгалагыг дагаж нүүдэллэн амьдарч, тэнгэртэй хамт байсан, газартай хамт жаргаж, нартай хамт манддаг.

Аливаа сайхны ерөөл бүхэн монголчуудын дотор бий. Аливаа ариун цагаан чанар бүхэн монголчуудын дотор бий. Аливаа номхон шударга, ажилч хөдөлмөрч зан дадгал бүхэн монголчуудын дотор бий. Би бол Чингисийн үрс гэдгийг бодуутаа миний байр суурь нэг л дээр хичнээн дэсээр үүссэн мэт омогшилтой санагддаг юм. Энэ үед, яг энэ үед ямар нэгэн хүн намайг “Чи бол монгол хүн” гэвэл би тэр дороо шал согтчихно. Миний монгол үндэстэн бол бүх ертөнцийн үй түмэн үндэстний доторх ид хүчтэй нь, итгэл зоригтой, ирээдүйн үзэсгэлэнтэй үндэстэнд тооцогдсоор ирсэн юм. Монголчууд өөрийн улс төр, аж ахуйтай байснаар барахгүй үнэт эрхэм соёлын түүхтэй. Монгол бичиг, цагаан толгой гэгч авиагаар бүрэн, үсгэлэхэд хялбар, тэмдэглэхэд оновчтой, илтгэх чадвар нь их, хурдан бичлэгээрээ хорвоод алдартай. Монголчууд ертөнцийн соёлын гялалзсан суварганд Монголын нууц товчоо, Жангар, Алтан товч мэтийн зохиолоороо хувь нэмрээ үзүүлсэн. Би монгол хүн. Би эх орондоо хайртай.

Би түүнийг тэвэрнэ, би түүнийг үнсэнэ. Гэхдээ монгол маягаараа хөлийг нь тэврээд магнай дээр нь үнсэнэ. Эх орны минь нар хур намайг бойжуулж, навч цэцэг нь намайг баясгана. Би монгол хүн. Би монголдоо хайртай. Тиймдээ би бусад түмэн үндэстэнд нөхөрсөг байдаг. Гэхдээ бусад түмэн үндэстний зан цангалт, санаа сэтгэлийг санаа сэтгэл дээрээ орчуулан буулгамагц сая амтыг нь олж, дулааныг нь мэдэж, утга чанарыг нь гүйцэд ойлгодог. Гэтэл гэрэлт нарны дор би нулимсаа арччихаад тоосон дундуур саравчилсаар эсгий малгай, духны тоорцог, сугалдаргалсан ханцуйнууд, хажуугаар салхи татуулан өнгөрөөд бараа нь тасрах гэж байна гэж урамгүй дугарна. Хүн нисэж байна, бид мөлхөөд алхаад болно.

Эх орны одоочлол, эрин цагийн шинэ үрээр манийгаа дууданхан байна шүү дээ. Бид яарна, нэхэмжилнэ ээ. Бусад түмэн үндэстнүүдтэй адилаар, бусад түмэн үндэстнүүдийн туршлагыг сурна. Гэхдээ тэд зориг санааны ташуураараа морио яаж ташуурдан байж сая баттай урагшилсныг л бас цаашаа давшина гэе. Би монгол хүн. Миний сэтгэлийн гонхоо. Энэ үгийг хэлэхдээ алган дээрээ алт шиг тавиад түүний хүнд хөнгөнийг хэмжиж дийлэхгүй. Амь насны нийслэл болсон зүрхэн дотроо тавиад хөдөлгөж үзвэл сая түүний хүнд хөнгөнийг жишиж мэдэх юм аа. Түүнд өнгөрсний бүтэц бий, өнөөдрийн цогц бий, ирээдүйн төлөв бий. Ингэхлээр энэ үг бол зөөлөн уруулын зүгээр нэг хөдөлгөөн төдий биш юм аа.

Ингээд бодохлоор сэтгэлдээ дуулалтай, хэсэгтээ уйлалтай, хэсэгтээ инээлтэй, хэсэгтээ хорсолтой шиг болдог юм. Хүний сэтгэл чухам ямар үед хамгаас илүү хөдөлдөг болоо? Баярласан үед үү, зовсон үед үү, эрмэлзэлтэй үед үү, эсвэл горь тасарсан үед үү? Аль үеийн сэтгэлийн догдлол хамгаас илүү үнэтэй болоо? Зөвхөн би монгол хүн гэдэгтээ согтоод, омогшоод л, баярлаад л, дуулаад л, шүүрс алдаад л зогсчихож болно уу? Манай хариуцлага үүнд л оршино гэж үү? Нэн чухал нь юунд оршино вэ? Би энэ үгтэй хэр тэнцэнэ? Та энэ үгтэй хэр тэнцэнэ? Хэн энэ үгтэй хэр тэнцэнэ вэ? Ямар байвал сая энэ үгнийхээ жинхэнэ агуулгыг нэгдүгээр биеэр төлөөлж чадна вэ? Манай өвөг дээдэс энэ үгийг үүдэн бүтээсэн. Манай ахмад үеийнхэн энэ үгийг хамгаалж, хөгжүүлээд одоод залгуулсан. Бид үүнийг хадны цуурай мэт нойрмогоор тосож авна уу, халуун зүрхээрээ сэргэг тосож авна уу?

Ингэж л бодмогцоо би бас хацраа алгадалтай болж, манарчих алддагсан. Түүхээ ярих аргаар омогшлын өв болгочихоод, эсвэл өлгийн дуугаа болгочихоод амттайхан нойрсож болно гэж үү? Зүрхэн дээрээ зүү гөнжчихөөд өвдөхийг мэдэхгүй хүний амьтай гэдэг нь юун дээр илэрдэг юм? Хэрвээ согтвол сая баатар нь илэрч, мэргэн нь мэдэгдэж, сэргэг нь харагдаж, мэдрэлтэй нь үзэгдэж, амьд сэтгэгдэл нь тодордог юм бол, хүчтэй догдлол байвч гүнзгий бодлогогүй юм бол, эм нь эрдээ бар, эр нь хүүхдэдээ л бар, хүүхэд нь идэхдээ л бар юм бол “Би монгол хүн” гэдэгтэй энэ зэрэгцэнэ үү.

Түүхийн энэ хэмгийн чухал шат үед манай үндэстэн бусад түмэн үндэстнээс хоцрохгүйгээр өвөрмөцөө өнгө будагтай хувь нэмрээ үзүүлэхээ чармайхын төлөө бид бүгдээрээ хоолой нийлүүлэн уул усандаа цуурайттал “Би монгол хүн” гэдгийнхээ ухааныг гүйцэд олчихоод зоригтойхон хэлж чадах хэмжээнд хүрэхээр тэмцэцгээе. Хэн хэрвээ хүчир бэрхшээлийн өмнө нугарч, хөдөлмөр тэмцлээс шантраад нойрмог зүүрмэгийн хооронд унжин санжин байхад нь “Чи бол монгол хүн биш ээ” гэвэл тэрний чихэнд аянгын ниргэлт шиг л сонсогддог хэмжээнд хүрэхээр тэмцье. Аа, тэр цаг бол ёстой манай монгол үндэстний үрс мандах нарны дор түмэн цэцгийн нүрээлэн дотор ах дүү нартайгаа хамтраад ялалтаа билэглэх сайхан цаг үе мөн.

© 2007, Улс төрийн сонин
© 2004, Ш. Баатар

Шинэ үсгэнд буулгасан Ш.Баатар
Баруун эргийн Монголчуудын Соёлын сан
2004 оны 3 сарын 8

No comments:

Post a Comment