Monday, October 20, 2008

Талын Халимагууд минь

Москва хотноо суралцаж байсан аз жаргалтай жилvvдэд метроны "Маяковский" буудлаар гарч, Тверийн цэцэрлэгээр олон удаа зугаацан явах цагт тэнд орос хvний оюун ухааны тэнvvн уудам, орос сэтгэлгээний гvн гvнзгий, орос хэлний яруу сайхан бvхнийг эзэмшсэн алдарт яруу найрагч Александр Пушкины 1880 онд босгосон том хєшєє талбайн дунд сvндэрлэж, бvрх малгайгаа ардаа бариад бодол болон зогсож байгаа хvрэл цутгамал энэ хєшєєний дэргэд орчлонгийн олон орны яруу найрагчид ирж хаан Александрын баганаас хавьгvй єндєрт мандсан тvvний тэнгэрлэг тэргvvний ємнє мэхийн ёсолж байгаатай
тааралддаг байлаа. Миний бие тэр хєшєєний дэргэд очсон байх vедээ хєшєєний суурин дээр бичигдсэн

...Эрэлхэг славян, ач фин
Эдvгээгийн хєдєєх хамнигад
Талын хань халимагууд
Талархан намайг дуудаж байна
гэсэн тvvний гэрээслэл шvлгийг уншаад хорвоогийн олон vндэстэн ястны дундаас сод найрагчийн бат итгэлийг хvлээж, гэрээслэлд нь алт шиг тунаж vлдсэн мах цусны тасархай талын халимагуудын тухай ихэд бодолхийлэн
зогсож, дєрвєд торгууд аялгаар ярьдаг Ойрадын удамт халимагуудаа дурсан санаж, улмаар тас хар vстэй, танан цагаан шvдтэй, таних нэгэн хєх толботойгоор бурхнаас заяагдсан монгол угсаатнууддаа баярлан баясдаг байв. 1437 онд Чорос ноён Тогоон тайж Ойрадын холбоог зохион байгуулж байх vед "Их дєрвєд", "Бага дєрвєд", "Баруун дєрвєд", "Зvvн дєрвєд" нэртэйгээр байгуулагдсан дєрвєн холбоодын нэрнээс vvдэлтэйгээр "Дєрвєн Ойрад" гэсэн нэр томьёо анх vvссэн бєгєєд энэ холбооны нэг холбоог дангаараа бvрдvvлж чадаж байсан Их дєрвєдийн холбооны торгуудууд хойт зvгт нvvдэллэн явсаар XVI зууны vед Орос оронд хvрч Оросын зvvн ємнє зvгийн тал нутгаар тархан байрлаж, хэрэн хэсэж, цагаачлан амьдарч явсан ард тvмэн бол халимагууд билээ. Тэдний тvvхийг сонирхоход єєрийн тєрсєн нутгаа орхиод хvний газар цагаачлан очсон хvмvvсийн амьдрал ахуйд ямар их бэрхшээл, зовлон тохиолдож болдгийг илтгэн харуулдаг.

Танихгvй газарт ирсэн шувуу ийш тийшээ нисэж хоргодох гол ус олж ядан ганганадаг шиг Орос оронд очсон халимагууд нэг vе Урал, Ижил мєрний хоорондох тал хєндийгєєр амьдарч байгаад тэндээс Кубань хvрч, Иртыш, Ишим, Тоболь голын хєвєєгєєр амьдарч, 1630-1637 онуудад тэд Эльба, Иргиз голын тал газраар хэсvvчлээд, XVII зуунаас эхлэн тэр vеийн халимагийн хаан Мончакд Орос оронд vнэнчээр зvтгэсний нь тєлєє Дон мєрний хоёр эргээр нvvдэллэн амьдарч болох эрх олгосноор халимагууд Доны хоёр эргээр амьдарч эхэлсэн ажээ. Халимаг хvмvvс оросууд болон бусад vндэстний шахалт хавчилт багатайгаар амьдарч ирсэн газар бол Ижил мєрний тал нутаг бєгєєд одоо ч тэндээ амьдарсаар байна. Халимагууд хэдийгээр газар нутаг ахуй амьдралын талаар Хаант засгийн их гvрний дээрэнгvй vзэлд шахагдан хавчигдаж байсан боловч зоригтой, баатарлаг шинжтэй, Чингисийн удамт монголчууд байсны хувьд бас Оросын ємнєд ба зvvн ємнєд хил хязгаарыг хvчтэй хамгаалагчид байсныхаа хувьд л орос хаад, ноёд, газрын эзэд, хєрєнгєтнvvдийн сонирхолд нийцэж, нутагт нь хоргодон амьдарч чаддаг байжээ. 1664 онд Халимагийн хаант улсыг єєрийн vндэснийхээ "Хальмг Тангчи" нэртэйгээр байгуулсан. Орос оронд хэн халдана, тэр бvхэнд халимаг цэргvvд оросуудын бамбай болон хамгийн тэргvvн эгнээнд Орос орны тєлєє тулалдаж байсан гэдгийг доорх жишээ тодорхой харуулна.

1665 онд Орос-Польшийн дайнд арван мянган морьтон халимаг цэрэг оролцож, 1668-1676 онуудад халимагийн дайчин цэргvvд Донын болон Запорожийн казак цэргvvдийн хамтаар Турк, Крымын феодалуудын эсрэг Орос орны тєлєє идэвхитэй тулалдаж, 1701 онд халимаг, татаарын дайчид гучин мянган цэрэг Москвад очиж Орос-Шведийн дайнд оролцжээ.
1722 онд Халимагийн хаан Аюук эхнэр, хvvхдийн хамт Саратов хотод Оросын Их Петр хаантай уулзаж, Орос-Персийн аян дайнд Бат хааны ач хvv Шагдаржаваар толгойлуулсан 7000 цэрэг явуулах тухай хэлэлцээр хийж байжээ. Аюук хааны дараа тvvний ач хvv Дондог-Омбо хаан болж 40 мянган хvнтэй арми 1735-1739 онуудад болсон Орос-Туркийн дайнд оролцжээ. Мєн 1667 оны Степан Разины бослого, 1772 оны Емельян Пугачёвын бослогуудыг халимагууд дэмжин тусалж, Украйн Азовын дайн, Хар тэнгис, Балтын тэнгисийн тєлєєх байлдаан, 1812 оны Орос-Францын аян дайнд халимаг цэргийн хороод идэвхийлэн оролцож явсан тvvхтэй ажээ. Халимагуудын энэ чанар эрх чєлєєг эрмэлзсэн Оросын ард тvмэн, зохиолч, зураач, нийгэм улс тєрийн зvтгэлтнvvдийн дурыг татаж, халимагийн сэдвээр бvтээлээ туурвиж байжээ. Хувьсгалт ардчилсан vзэлтэн В.Г.Белинский, Н.А.Добролюбов, Н.Г.Чернышевский, зураач И.Е.Репин, В.Верешагин, О.Кипренский, Д.Левицкий, П.Грузинский нарын хvмvvс халимагийн сэдвийг сонгож байв.

А.С.Пушкин "Пугачёвын тvvх" гэдэг зохиолдоо "Халимагууд Оросын ємнє хилийг хамгаалалцан Орос оронд vнэнчээр зvтгэж байсан. Тєвєєс алс газар амьдардаг, энгийн жирийн чанарыг нь далимдуулан Оросын цагдаа, тvшмэдvvд тэднийг устган дардаг байв. Санаа сайт ард тvмний шударгаар тавьсан гомдлууд Оросын дээд удирдлагад хvрдэггvй байсан" гэж бичиж Пугачёвын бослогын тухай "Ахмадын охин" тууждаа халимаг, башкирууд тариачдын дайнд идэвхтэй оролцсон тухай тэмдэглэн бичсэн байна. Мєн Александр Пушкин морин єртєєгєєр явж байхдаа vзэсгэлэн гуа халимаг бvсгvйтэй учран уулзаж, тvvнд дурласны хариу илгээлт болгон бичсэн "Халимаг бvсгvйд" шvлэг нь Монголын охид хvvхнvvдийн орчлонд vзэмжтэйн нэг гэрч мєн. Уг шvлэгт Оросын суут найрагч монгол удмын халимаг хvvхэнд дурлаад салахад хэцvv байсныг илтгэдэг. Мєн Н.В.Гоголь халимагуудад халуун элэгтэй хандаж, тэдний соёл, зан заншлыг ихэд сонирхон "Халимаг хvн зочломтгой, ажил хэрэгч, баян хоосон гэж ялгаварладаггvй. Ядуу хvн ямар ч айлд орж зочлуулж болдог ба тvvнийг бусадтай адил тоодог. Єшєє хєєдєггvй, гайхамшигт зvйлд итгэмтгий. Заримдаа бvр дуртай vлгэр домгийн гол баатруудын гавьяаны тухай гурван хоногоор ч сууж сонсдог" гэж халимагуудад зориулан бичсэн тусгай зохиолдоо бичсэн байдаг байна. Гурван зууны тэртээд халимаг хvн хvний мєс чанараараа ингэж гайхуулж явсан атал єнєєгийн бидний vеийн манай зарим монгол хvмvvс хvний мєс чанараараа ямархуу явааг бодож суухад сэтгэлээр унаж магнайд гvнзгий vрчлээс тогтдог. 1967 онд миний бие Москвагийн Таганын хошин Драмын театрт С.А.Есениний зохиосон "Пугачёв" гэдэг шvлэглэсэн драмыг vзэж суухад

...Халимагийн гучин мянган мухлагт тэрэг
Самараас Иргиз рvv хєдєллєє... гэж Орос жvжигчид шvлэглэж байсан нь Оросын хамжлагат ёсны хатуу ширvvн хавчилтаас болоод 1771 онд халимагуудын ихэнх хэсэг нь Самараас Казакстаны нутагт буй Ижил мєрний зvvн цутгалан Иргиз голоор дамжин Хятад руу дvрвэж явсныг Есенин драмдаа оруулсан хэрэг байв. Тvvнээс цааш нь
...Халимаг гэдэг чинь бидэнд бас
Хоолон дээр нь буудчих борхон туулай биш...
...Чиний монголын ард тvмнийг бид мэднэ
Чин зоригтой эсэх нь бидэнд тодорхой бус уу... гэх мэтчилэн тайз цуурайтаж байж билээ. Орос орон шиг уянгалаг ялдам сэтгэлтэй, хус модны алтан шар навчис шиг шаргал vстэй нэрт найрагч Сергей Есенин "Пугачёв" гэдэг шvлэглэсэн драмаа бичихийн тулд Оренбургийн талаар явж Пугачёвын тvvх судлах дашрамд халимаг монголчуудыг сонирхож байсан ажээ. XVII зууны сvvл, XVIII зууны эхээр орос биш vндэстэн ястнуудыг Хаант засгаас ялгаварлан гадуурхаж, алж устгах бодлого туйлдаа хvрч, халимагуудыг элсэн цєлд шахаж, халимаг хvvхдvvдийг эхээс нь салган єнчрvvлэн боол болгож, баячууд сайн vvлдрийн нохойгоор хэд хэдэн халимаг хvмvvсийг єгч наймаалдаг байжээ. Орос орон Халимагийн хаант улсын эрх мэдэлд хэрцгийгээр ханддаг болсны улмаас Кондрат Булавины удирдсан казак тариачдын бослогод Ижил, Донын халимагууд хошуучлан оролцсоноор тvгшvvрийн харанга дэлджээ.

Уваш хаан тэргvvтэй халимагийн феодал ноёд хаант терийн харгис захиргаанд хавчигдахыг хvсээгvй тул 1771 оны нэгдvгээр сард халимагуудын ихэнхийг дагуулан Оросын нутгаас дvрвэж, Манжийн захиргаанд байсан Зvvнгарын хаант улсыг зорьжээ. Ижилээс зугтсан халимагууд замдаа хоосорч, дээрэмчин хасгуудтай тулалдсан байлдаанд болон євчин, єлсгєлєнгєєр амь vрэгдэж, ихэнх нь баян хасгуудад олзлогдон боол болж, цєєн тооны хvн Хятад, Монголд хvрч чадсан ажээ. Ингэж зовж зvдэрч явсан ард тvмнийхээ тухай халимагийн туульч жангарч, ерєєлч Шавилийн Даваа "Миний жаргал" нэртэй ерєєлдєє хэрхэн бичсэнийг халимаг аялгуунаас халх аялгуунд буулгавал

Уян бага наснаасаа єсєж боссон газар минь энэ Ухаанд ороод байдал таниад, жаргал эдэлсэн
Отог нутаг минь энэ
Євєл болохоор vхэр хар бєєргєєр орж євєлждєг билээ, бид Хавар ирэхээр хавтгар хайж бvvрэлддэг билээ л, бид Эсгий хар гэрийн их их хагархайг яана
Ивтрээд ордог хар салхины исгэрэхийг яана
Одоо санахаар зvрхэн хорсоноо л
Олонд хэлэхээр зовлонтой санагданаа л
Єєрийнхєє цогцдаан эзэн биш билээ л бид
Хvний мал хариулаад хээр даардаг билээ л бид
Дуулсан дуугаараа уйдвараа гаргадаг билээ л бид
Догшин салхитай цээжээрээ хvvнддэг билээ л бид
Хаан богд Жангарын тууж сонсохоор
Хамаг амьтан жангарчийг дагадаг билээ л
Арван хоёр хvртлээ ааваасаа Жангар сонслоо
Чапуров Бадмаа євгєний хэлснийг чихэндээ тодолж авлаав
Арван хоёр орсон насандаа
Ааваа дуурайгаад Жангар дууллаав...
Тэр цагийн муухайг яахав хар бєєргєєс Айдрах ороод
Хоол хотын арга хайдаг билээ бид
Боз ээдмэг хавар зунд уудаг билээ бид
Будаан хоол євлийн тэжээл болдог
Шуурган шуурсан цагт шийтэм хаацтай
Галав хєдєлсєн цагт гадсан тvшигтэй
Тvрж явсан халимаг билээ л
Тэнэж явсан отог билээ л...
гэж халимагийн хvнд хэцvv амьдралыг ерєєлдєє дvрслэн бичсэн байдаг.

Т.Дэрчэн /Увс.Ємнєговь сум/
Дугаар 0035/2268/


Мэдээллийн эх сурвалж: Утга зохиол урлаг сонин

No comments:

Post a Comment