Saturday, October 18, 2008

Төрийн түшээ эмэгтэйчүүд

ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН

Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.

... Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хүү бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах үүднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хүү Тулуйдаа сүй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мөхөөх үед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлүүлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан төдийгүй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хүндэтгэж байсан дархан бэр нь байжээ. Лувсанданзангийн “Алтантовч”-д “Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт өчиг өчсөн нь: Хаан эзэн үгүй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн үгүй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хөдөлж, өөрийн эрийг үл сэтгэн эцгийг хүндэлж, их төрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бүү хэлсү. Бэхи тайху гэсү. Шиу гэж бүү хэлсү. Сутай тайху хэмээе гэж цол өгөөд, найман отог цахар түмнийг сонгон өгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дүү Жаха Хамбын охин Чаур бэх энэ бөлгөө гэжээ. Энэ нь Өгөөдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн өмнөөс нь тэнгэрт залбиран өөрийгөө өргөсөн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зүгээс ихэд хүндлэн байсны илрэл юм.Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ. Түүхийн тулгар бичгүүдэд түүнийг Өүлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бүү хэл түүнийг нэг талаар Өүлэн хатнаас илүү гэлцдэг байна. Тулуй 1231 онд Зүрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хөвүүдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн үлджээ. Өгөөдэй хаан ууган хүү Гүюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч өгөхөөр элч заран хэлүүлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгүй байж яахан болох билээ. Гэсэн ч “Их хаантанд өчихөд би хүүхдүүдээ эрийн цээнд хүргэж, эцгийн сургаалиар хүмүүжүүлэхийг хүсэж байна” хэмээн хариулахад Өгөөдэй ч, Гүюг ч аль аль нь их шахамдуулалгүй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Өүлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхүү Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нөхөрт гараагүйгээрээ Өүлэн эхээс илүү юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Өүлэн Үжиний адилаар өнчин хөвүүдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бүсэлж, царсан шор барин сөд гичгэнэ ухаж, өглөө эртлэн босож өлөрс мойл түүгээгүй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хөвүүдээ эцгийн суртлаар зарчимтай хүмүүжүүлэн өсгөсөн нь “Нууц товчоо”-нд “...Гоо Үжин эхийн Гогод мангираар тэжээсэн хөвүүд Хутагтан сайд болов. Зарчимтай Үжин эхийн Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд Заяатан сайд болов” гэдгийн адилаар болсон юм. Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дөрвөн хөвүүн нь/Монголын эзэнт гүрний 4-р үеийн Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Их хаан Хубилай, Иранд төвтэй Ил хаант улсыг үндэслэгч Их хаан Хөлөг, Монголын эзэнт гүрний 5 дугаар үеийн Их хаан Аригбөх энэ дөрөв болой/ дөрвүүл их хүмүүс болон хожмын өдөр Монголын төдийгүй дэлхийн түүхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргүй хэрэг яавч биш юм.Чингис хаан амьд сэрүүндээ хөвүүдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж өгсөн. Үүнд: Ахмад хүү Зүчийн хүүхдүүдэд Эрчис мөрний хөндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш үргэлжлэх Кипчакийн өргөн уудам нутгийг, Цагаадайд Зүүн, баруун Туркестаныг, Өгөөдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг өгч, отгон хөвүүн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар үлдээсэн байна.Гэвч тэрхүү голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бүсэд багтаж байсан, мөн Тулуй төрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Өгөөдэйд найр тавьсан зэргээс үүдэн Тулуйн үр хүүхдүүд Чингис хааны үр ач нар, бусад ахан дүүстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ. Ийнхүү өөрийн гэх эзэнт улсгүй үлдсэн гэр бүлээ, үр хүүхдүүдээ бусад ахан дүүсийнх нь зэрэг зиндаанд хүргэж, улс төрийн тавцанд нэр нөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн Сорхугтани Бехи хатны зүтгэл нь Өүлэн эхийн нэгэн биеийг огоорон зүтгэсэнтэй агаар нэгэн юм. “Судрын чуулган”-д “Тулуйг нас барсаны дараа түүний хүүхдүүд эхийн хамт Өгөөдэйн дэргэд үлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хүсэхэд хаан өгсөнгүй. Тэгэхэд нь Сорхугтани хатан “Миний хань нөхөр, үр хүүхдүүдийн минь эцэг чухам хэний төлөө золиос болж амиа тэнгэрт өргөсөн юм бэ? Тэр тийнхүү бие барсан нь хэнд хэрэгтэй байв?” хэмээн уйлахад энэ үг нь хааны сонорт хүрчээ. Энэ үгийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхугтанийн зөв” хэмээгээд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хүүхдүүд балчир байв. Мөн “Өгөөдэй хэнтэй ч зөвшилгүй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 өрхийг хүү Годандаа дур мэдэн өгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хүү Мөнх нар дээр ирээд “Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд өглөө. Чингис хааны зарлигийг хэн зөрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдүүлье” гэхэд Сорхугтани Бехи хатан “Та нарын зөв. Гэхдээ бидэнд их өв хөрөнгө эзэмших алдар гавьяа алга. Мөн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ өөрөө сайн мэдэж байгаа. Бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэжээ. Энэ үгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ”/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов “Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хүчээр өөрийн хүүхдүүдээ бусад ах дүү нарынх нь өмнө гаргаж ирж чадсан юм” хэмээн бичжээ. Плано Карпини “Монголчуудын түүх” тэмдэглэл зохиолдоо “Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гүюг хааны эх, Монголын төрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хүнд нөлөө бүхий хатан байсан...” гэжээ. Үнэхээр тийм байжээ. Өгөөдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бүх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдүүлэхээр суулгаж байсан Их хааны бие төлөөлөгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтөмөр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мөн хан хөвүүдийн эзэмшил газруудаас ч хан хөвүүдийг төлөөлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна. Үүнд -Өгөөдэй Их хааны нутгаас буюу монголын төв нутгаас Кол-Булат -Батын улсаас нэг ноён, -Цагаадайн улсаас Кызыл – буха нар ирсэн бөгөөд нас барсан Тулуйн нэрийн өмнөөс Сорхугтани Бехи хатанг төлөөлж мөн нэг ноён ирсэн байна. Мөн Өгөөдэйн үед Хан хөвүүдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хүргэхээр өөр хоорондоо тасралтгүй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох үүднээс өртөө байгуулах болжээ. Ийн өртөө байгуулахдаа Хан хөвүүд бүрээс нэг нэг төлөөлөгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж өртөөг тогтоожээ. Энд -Их хаан Өгөөдэйн төлөөлөгч болж – Куридай, -Цагаадайн талаас – Имкалчин, Тайчутай, -Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхүү өртөөг анхлан байгуулалцаж байсан байна. Энэ нь Чингисийн дөрвөн хүүгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зөвшилцөж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, түүний хүүхдүүд нь төрийн хэрэгт оролцох насанд хараахан хүрээгүй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь түүний нэр нөлөө ямархан өндөрт байсныг гэрчилнэ.Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нөхрийг эндсэний дараах хүндхэн жилүүдэд улс төрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гүюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гүюг хаан Сорхугтани Бехи хатныг хүүхдүүдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад үг хэлэхдээ тэднийг үлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Гүюг хаан төрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илүүгээр Сохругтани Бехи хатны зөвлөгөөг хүлээдэг байжээ. Гүюг хаан дорнод Европт байлдаж бүхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хүргэсэн Батыг гэнэдүүлэн цохихоор 1248 оны өвлийн сүүл сард их цэрэг аван “тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа өвчинд минь тус болно” гэдгээр халхавчлан баруун зүг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хүн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлүүлжээ. Гүюг хаан Батыг дайлах санаагаа гүйцээж чадалгүй Илийн хөндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хөвүүний хувьд Бат хаан дөрвөн зүг, найман зовхист элч довтолгон, бусад хан хөвүүд, ихэс ноёд тэргүүтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Өгөөдэй, Цагаадайн угсааныхан түүнд дургүйцэж “Чингис хааны үндсэн нутаг, өргөө гэр Хэрлэн мөрний хөвөөнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Төмөр ноён зэрэг Алтан ургын бус цөөн ноёдыг төлөөлөгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи “Хаан хөвүүд ахынхаа үгийг үл сайшаан очсонгүй учир чи олон дүү нараан дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх” гэж Мөнхөд хэлээд бас Бат бол олон хаан хөвүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба зарлиг нь бидний эргэлзэлгүй дагах хууль цааз юм. Иймээс бид түүний зөв гэж үзсэн зүйлсийг цөм зөвшөөрөн хүлээн авах ёстой” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ. Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, түүхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхүү хуралдаан дээр Мөнхийг монголын хаант улсын дөрөвдүгээр үеийн хаан өргөмжлөхөөр урьдчилсан шийдвэр гарсан бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн төлөө ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна. Хожим нь Мөнхийг их хаан ор сууж, хаан суудал Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зүчийн удмынхны шууд дэмжлэг, хүчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс төрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм. Чухам түүхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зүтгэл, ухааны хувь их байсан билээ.Сорхугтани хатанг Христосын шүтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн үеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс төрийн голт зүрх нь болж байлаа. Тэр үедээ л хөгжил дэвшлийн баян бүрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Өмнөд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нөлөөтэй, сүр хүчин төгөлдөр байсангүй. Хархоринд ирж очихгүй хүмүүс үгүй. Цагаан пансаар хөвчин биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнүүд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зүсэн зүйлийн вавингардич, агь тарнийг шүтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирүүд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гүржийн хан хөвүүд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын түшмэд, Солонгосын ван, төв Европын рыцар, Франкууд төдийгүй алс Нубийн хар арьст төлөөлөгч, Англи боол, мажар үйлчлэгч, Уулын өвгөний/исмайлитийн/ дайчид хүртэл ертөнцийн хязгаар бүрээс хүмүүс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн үедээ л нөлөөгөө өргөтгөж байсан шашин шашны сүм хийдүүд өөрсдийн гэх эзэмшил бүхий сүм хийдүүдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал төгс байв. Рубрукийн тэмдэглэж үлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мөргөлтнүүдийн суудаг нэг хороолол, мөн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон өргөөнүүд байжээ. Мөн янз бүрийн иргэдийн онгон шүтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сүм, христосын нэг сүм байсан байна. Эдгээр шашныхан бүгд л Төв Азид байгалийн гэнэтийн, ер бусын үзэгдэл мэт гарч ирсэн энэ ард түмнийг өөрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгүй байдлыг нь баталгаажуулж өгөх байлаа. Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэн эрхэмлэх нь үгүй, үгүйсгэн дарамтлах, өргөн мандуулах үгүйгээр эвгээлт эцгийн адил ивээл нөмөртөө байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гүрнийг үнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм. Түүхчдийн зүгээс Монголчууд орон орны шашин шүтлэгт хүлээцтэй, хүлцэнгүй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дөхөм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бөгөөд тэр үеийн монгол хаад, ноёд бол цаг үедээ л байж болох дээд хэмжээнд ертөнцийг гэтлэн туулж, ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мөн чанарыг гүнээ ухан таниж, аль нэгнийг илүүд үзэн явцуурахын хязгаараас хальсан хүмүүс байжээ гэвэл илүү үнэмшилтэй санагдана.Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс Бурханы тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтөний сэтгэлийн агуу их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Тухайн үеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхүү үнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг өгүүлбэл: Мөнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа “... Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. ... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, түүнийг та нар сахихгүй байна. Бидэнд оточ төлгөч нарыг оноож өгсөн бөгөөд бид тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг” гэж байжээ. Энэ үг нь нэг талаас Мөнх хаан өөрөө бөө мөргөл шүтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бүрийг шүтлэгтний зам мөн хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм. Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангүй. Тэрээр лалын шүтлэгтнүүд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хүндэтгэн шүтдэг байсан байна. Харин шашин шашны төлөөлөгчид монголын аль нэгэн нөлөө бүхий хүн өөрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шүтлэгтэн хэмээн зөвхөн өөрийн булангаас, эрх ашгийн үүднээс харан хөөрцөглөн бичиж тэмдэглэн үлдээж байжээ. Үүний цаана бас улс төрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шүтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.Сорхугтани Бехи хатан мөн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хүндэтгэхийн сацуу хүү Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнүүдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь төөрөлдөж, мунгинасан гэхээс илүү тэр хүний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард түмэнд ойртох гэснийх болов уу. 1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Түүний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мөнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бүх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбөхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны өмнөх бүрээ бишгүүрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мөнгөн модыг урласан. Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгүй хувь заяандаа сэтгэл хангалуун аж төрж байсан гэдэг. Энэ нь зөвхөн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хүмүүсийн амьдрал харьцангүй өндөр түвшинд байсныг харуулна.Тулуйн ганц охин Тэмүгэ Бехи бурхны шашны сүмийн хувраг Хай-юний сургаалийг хүртэж байжээ. Харин Хөлөг хаан өрнө дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан төдийгүй Лалын ертөнцөд цээртэй Бурхны шашны сүмийг Персид бариулж байсан түүхтэй хүн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт үйлийг харвал тэд бүгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг төгс хүмүүс байжээ гэж хэлж болно. Үүнд эх Сорхугтанийн нөлөө их юм. Содон хүний үхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан түүх нь жирийн бус аа. 1251 онд Мөнх Монголын Эзэнт гүрний дөрөвдүгээр үеийн Их хаанаар өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан ор суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймиш хатан /Гүюгийн хатан Ойгул Хаймиш нь Гүюг хааныг нас барсны дараа төрийн хэргийг хоёр жил барьж байсан хүн/ тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныханы эсэргүүцлийг нуга дарахыг зорьж алтан ургийнхны цусыг багагүй урсгасан юм. /Тэгэхэд Мөнх алтан ургийн 75 хүнийг цаазалсан/ Энэ үед Сорхугтани бехи “Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино. Түүнчлэн Хаймиш хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол ураг төрөл, садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургажээ. Гэвч Мөнх хаан эхийнхээ сургаальд хайш яйш хандаж Өгөөдэй, Цагаадайнханы үр удмынханыг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлж эхэлсэнд Сорхугтани Бехи дургүйцэж отгон хөвүүн Аригбөхөөн дагаж төрийн хэргээс хөндийрөн Хархориноос баруун хойгуур, Орхон мөрний цутгалан болох Жарантай, Цагаансүмийн голын дагуу мал маллан амьдарчээ. Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хөгширч, дараа жил /1252 он/ нь Алтайд байсан Аригбөх хааны зуны ордонд нас баржээ. Ийнхүү төрийн хэргээс хөндийрснөөс хойш нас барах хүртлэх жил орчмын хугацаандаа тэрээр дөрвөн зүг, найман зовхисоос Хархоринд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр асар их хэмжээний өглөг өргөж, түгээл түгээж байсан юм. “Судрын чуулган”-д дурдсанаар түүний шарилыг Аугаа их Будда /газрын нэр/ Өндөрт, Чингис хааны Их дархан цаазат газар аваачиж нутаглуулжээ. Хубилай хаанаас бусад бүх хаан хөвүүдийг тэр газарт оршуулсан гэснээс үзвэл Сорхагтани бехи хатныг Бурхан Халдун дахь Ихсийн газарт хаадын зэрэгт оршуулжээ.Сорхугтани бехи Чингис хааны сургаалийг хөвүүддээ чанга хатуу сургадаг, шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ. Сорхугтани хатан газар газрын шашинтан, түмэн олонд энэрэл нигүүлсэлээ хайрлаж, буян номыг эрхэмлэж байсны нэгэн жишээ бол нэгэн удаа мянган өлгий шижир алтан өгөөд Бухар хотноо сургууль байгуулж, Исламын мөргөлтний мянган хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна. Исламын шашны мөргөлтөнүүд Сорхугтани бехийг дурсахын төлөө тус сургуулиан “Хатны сургууль” гэж нэрийдэж байжээ. Өрнө дахины бичиг материалд энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол исламын шашины үр хүүхдүүдийг боловсруулж байгаа гэжээ. Өдгөө Бухар хотод хөл тавьсан болон тавих нэгэн бээр буй аваас энэ түүхийг сонирхон сураглаваас их л сонин учиг олдож мэдэх юм.Сорхугтани Бехи хатантай холбоотой нэгэн баримт сүүлийн жилүүдэд гарч, судлаачид эрдэмтэдийн сонирхолыг ихэд татаж байна. Энэ нь Сорхугтани Бехи хатны цээжээр өгүүлсэн гэгдэх “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном юм. Чингис хааны зарлигаар Их Аурагт Цагаадай, Елюй Чуцай, Долоодой болон Сорхугтани Бехи хатан нар Монгол төрийн чинхүү бодлогыг тодорхойлсон гурван боть номыг бичжээ. Елюй Чуцай зэрэг их эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэж төрийн их хөлгөн судрыг бүтээлцсэн гавьяа Сорхугтани Бехийнх юм. Гэвч Өгөөдэйг нас барсаны дараа 1245 онд уг 3 боть номыг Өгөөдэйн Их хатан Туркина Аравт явуулчихжээ. Тэгээд 1251 онд Мөнхийг хаан ширээнд суухад Монголын төрийн уламжлалт хар хайрцагны бодлого, төрийг барих арга ухааныг илэрхийлсэн ямар нэгэн уламжлан өргөх зүйл байхгүй байсан байна. Ингээд Сорхугтани бехи хатан өмнөх 3 боть номын амин чанарыг түүвэрлэн авч “Алтан аялгуу” болгон Мөнхийг хаан ширээнд суухад цээжээр дуудан өргөсөн байна. 1251 онд хэлэгдсэн энэхүү бүтээл эдүгээг хүртэл 750 гаруй жилийн туршид гээгдэн үрэгдэлгүй хадгалагдан ирсэн түүх нэн сонирхолтой юм. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, инженер Хөх нохой овогт Журнайн Нүрзэд 1958-1962 онуудад Увс аймгийн Сагиль сумын харьяат авга ах, өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Ийнхүү Хөхнохой овогтнууд арван таван үеийн туршдаа уг номыг өртөөлөн цээжилсээр өдгөө цагт үрэгдүүлэн гээгдүүлэлгүй авчирсан нь энэхүү овгынхны үндэснийхээ соёл, түүхийн өмнө байгуулсан гавъяа юм. Харин Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ утга оноон хөрвүүлэн 2000 онд хэвлүүлж, судлаач шинжээчдийн өмнө дэлгэн тавьжээ. Одоо гагцхүү энэхүү “Алтан аялгуу”-наа буй утга санаа, хэл хэллэгийг нарийвчлан судалваас XIII зууны үеийн Монголын түүх, төрийн бодлого төдийгүй ахуй, хэл, соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааны хэрэглэгдхүүн зоримог судлаачаа хүлээж буй ажээ. Энэхүү бүтээлийг сөхөн үзвээс мөр толгой холбосон цэцэн цэлмэг үг хэллэг төдийхөн бус ертөнцөд төр оршихуйн, хүн оршихуйн нууцыг уран яруугаар өгүүлсэн гүн сэтгэлгээ захын мөрт буй нь мөнхүү давхараа Сорхугтани Бехи хатны оюун бэлгэ нэн төгөлдөр байжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Тухайлбал:
“Хяруул, гөрөөс идэх заяагаарАрслан барс болсон бөгөөтөл
Хүчгэнэ туулай хөөгөөд цадах юу
Аргаль янгир идэх заяагаар
Чоно, ирвэс болсон бөгөөтөл
Чогчиго, бохишорго барих юу,
Төрөөр иргэний бадраах үүрэгтэй бөгөөтөл
Тунбаогоор төрийг бадраагаад хөгжил биш ээ. Гэх мэт байна. /уг номын 68 дугаар талд

Friday, October 17, 2008

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр

Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн хүний газар, хүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ. Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж, нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид. Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “түүчээ” нь Та нар маань мөн. Олж авсан боловсрол мэдлэгтээ итгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгаа манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай тэр хэсгийн төлөөлөл хэмээн бид гүнээ хүндэлдэг. Харийн нутаг, гадаад орчныг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж нээсэн өнөө цагийн монголчуудын нүд Та нарынх л байсан. Хүмүүс урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог байсан, эсвэл монгол хүн огт хүрч чадаагүй газар орон руу Та нар одсон. Хүний газар, гүний нутаг дахь монгол үндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ. Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан түүхийн бурангуй ойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар явсан Та нарын эр зориг, аж амьдралын төлөөх гайхамшигт эрмэлзэл монгол хүний үр хойчдоо хэлэх үлгэр сургаал болон үлдэх учиртай. “Харь халуун хоёрт зүтгэж яваа аав ээжийнхээ, ах эгчийнхээ хөлс шингэсэн мөнгийг чихэр, бурамнаас өгөхгүй, эрдэм мэдлэгт зориулна” хэмээн өхөөрдөм гартаа ном тэвэрч суугаа хүүхдийг харахад хэний ч нүдэнд нулимс хурна аа. Та нар маань хүний газар хөлөө олж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийг тэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байна. Та нарын хөлс шингэсэн мөнгөөр олон арван орон сууц ашиглалтад орж, зуу зуун гэр бүлийн амьжиргаа өөдлөн дэгжиж байдаг аа. Эзэн Чингисийн тал нутагт түгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыг нийслэлтэй нь холбон тэлж байгаа орчин үеийн холбоо мэдээллийн технологийн шинэчлэлийн үр дүн та нарт минь ч ач тусаа өгч, Монголынхоо тухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа гэдэгт итгэж байна. Манай эх орон өөрийн гэсэн нүдээр харвал өндийж, өөдөлж явна. Арван найман жилийн өмнө дундаж цалин 5 ам.доллар байсан бол өдгөө доод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чанга атгах” хэмжээний л мөнгө. Ерөөс өнгөрсөн жилүүдэд бид бэрхшээл хүндрэл багагүй амссан ч, цөөнгүй амжилт олж бас чадсан. Үүнийгээ бид чамлах биш харин бататгах хэрэгтэй. Мөн даяаршин нягтарч байгаа хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой. Хүн төрөлхтний гадаад бодлогын түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын их энх амгалан байдал” гэсэн хэллэг хүртэл бий. Түүх сөхвөөс, бид дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн эвслийн бодитой гишүүний нэг байлаа. Өдгөө манай хөвгүүд Ирак болоод дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах их үйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна. Бидний монголчууд хөгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараа тэргүүлэгч болж хараахан чадаагүй хэдий ч ертөнц дахины үйл хэрэгт хэр чинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал. Хэдхэн хоногийн өмнө “Бээжин-2008” олимпоос манай тамирчид бидний мөрөөддөг байсан баяр хөөрийг бэлэглэж, энгэртээ хос алт, хос мөнгө, дөрвийн дөрвөн медальтай ирлээ. Энэ гайхамшигт цаг мөчүүдэд та нар минь эх орноороо хэчнээн их бахархаж “Би монгол хүн шүү” хэмээн хүний нутгийг цочтол хашгирмаар, цээжээ дэлдэн гүймээр байсныг би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Би ч гэсэн та нараасаа ялгаагүй л байв даа. Ердөө гуравхан хоногийн өмнө Паралимпийн байт сурын төрөлд Баатаржав маань бас дахин алтан медаль зүүлээ. Олимп хэмээх хүн төрөлхтний спортын их наадам алив улс үндэстний цог хийморь, золбоо жавхлангийн хэмжүүр байдаг. Та бидний эх орны хийморь лундаа өөдөө байгааг цөмөөрөө харж урамшлаа. Та бидний эх орон Монгол Улс маань хөгжлийнхөө нэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаар нь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалын аугаа их нөөц баялаг, Евро-азийн ирээдүйн авто болон өнөөгийн агаарын замын уулзварт оршсон байрлал, ардчиллын үрээр бүрэлдсэн нээлттэй гадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хүчин зүйлс биднийг богино хугацаанд огцом өөдлөх, хөгжлийн дээд эрэмбэ рүү хөтлөх үүд хаалгыг нээж байна. Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагүй байна. Энэ алтан босгоор эвээ нийлүүлж, эрхэм хүслээ нийтгэн алхаж орох зорилгыг эш болгон МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар бид зөвшилцөн шийдвэрлээд байна. Үүсэн ужгирсан бэрхшээлийг гэтэлж, өөдлөн дэвжихийн саруул замаар замнахын тулд бид нэгдсэн бодлого, нийлэн нягтарсан хүсэл зоригтой байх нь монгол түмэнд тохиосон түүхэн сонголтын өгөөжийг үр ашигтай амсан хүртэх гол нөхцөл мөн гэж үзсэний учир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан ард түмэн. Чухам тийм ч учраас монголчууд эв нөхөрлөлийг эрхмийн дээд гэж үзсээр ирсэн зон олон. Бие биеийн эрдэм ухаан, боломж нөөцөд түшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийн нутагт аж төрөн суугаа Та бүхэнд ч хамаатай гэдгийг хэлүүлэх юун. Монголын үр сад эх орондоо ч, хүний нутагт ч дэм дэмэндээ амьдрах чин сэтгэлтэй байгаасай гэж миний бие хүсэж байна. Өнөөдөр Монголын иргэд дэлхийн өнцөг булан бүхэнд хүрчээ. Казахстан, Солонгос, АНУ-д хэдэн арван мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээр гардаг сайтуудаар орж байгаа хандалтыг ажиглавал дэлхийн 188 орноос өдөр болгон сэтгэлийн үгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман, Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хүртэл өдөрт зуугаас дээш хандалт бүртгэгдэж байх юм. Хүний газар зүтгэж, зовж олж байгаа олз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илүү байгаа учраас л та нар маань хүлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгүй байгаа билээ. Хүний нутагт дуссан хөлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиу үнэлэгдэж байгаа болохоор л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугааг тань бид ойлгодог. Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан. Та нар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад “арай дээр” амьдарч байгаа болохоор эргэн харьж чадахгүй байгааг чинь бид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана. Учир нь, талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, үүдээ нээж өгч, цайгаа даргилуулдаггүй ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньс хатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугааг чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг тань монгол нутгийн тэнгэр Чингис хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хүчинд болж, бүтэж яваагаа мартахын учиргүй биз ээ. Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны нэгэн чухал зорилт байх болно. Та нартаа эдийн засгийн хийгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тусгаар Монголын иргэний тань хувьд эрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхэд тань туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан батлуулахын төлөө би ажиллах болно. Улсын хийгээд өрх бүлийн орлого ундарч эхлэх сайхан ирээдүй бидэнд байна. Таны тэнд олдог мөнгийг энд адил хэмжээтэй авч чадахгүй ч ядаж талыг нь тоолон өвөртөлж болох боломж бүрдэж байна. Өнөөдөр авч чадахгүй гэлээ ч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв. Хэдийгээр бэрхшээл, хүндрэл чамгүй байгаа ч манангийн цаана мандах нар байгаа нь ойлгомжтой. Монголчууд мэдрэмжтэй, зөнтэй ард түмэн. Найман зууны тэртээ Онон голын хөвөөнд өнчин өрөөсний зовлон дунд загас, мангирханаар Тэмүүжин хүүгээ тэжээж суусан Өүлэн эх түүнийг хожмоо дэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа. Аавын бийд хүн таньсан, агтын бийд газар үзсэн та нарын тус эх оронд чинь өдгөө хэрэгтэй байна. Та нар хөгжингүй улс үндэстний дотоодод хөндлөнгөөс орсон хүмүүс учраас тэдний хөгжлийн нууц, дэвшлийн гогцоог хэвшил, дэвшилдээ дассан өөрсдөөс нь илүү тод харж байгаа биз. Та бүхэн эх нутагтаа байгаа бидэнтэйгээ харьцуулахад хөгжлийн дээд эрэмбэ рүү шилжин, нүд тайлсан шинэ цагийнхан тул энд бидний юу нь болохгүй, ямар юман дээр буруутах гээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггүй. Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ. Тэр цагт та бүхний сурсан, мэдсэн бүхэн Монголын минь хөгжил дэвшилд алттай жишимгүй үнэтэй болохын учир энэ захидлыг илгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн диплом санаанд буудаг нь өрөөсгөл ойлголт биз ээ. Хүний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бүхэн, байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаа бидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь бидэндээ үлгэрлэх жишээ болох нь байна. Нарны эрт, насны залууд газар үзэж нүд тайлсан хэсэг нь улс үндэстнийхээ хөгжлийн түүчээ болдог нь уламжлал. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс болон Зүүн Европын орнуудад боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л өнөөгийн тусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн “түүчээ” болсон. Тэд боловсрол мэдлэгээр үлгэрлээд зогсоогүй боловсон амьдралын хэв маяг, эс ширхэг бүрийг биеэр дэлгэрүүлэгчид байлаа. Үе тэнгийнхэн нь тэднийг хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсэн билээ. Харин өдгөө та нарын ээлж ирж байна. Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл “монголчлоод” буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна. Та нар ар гэр, ах дүүсийнхээ амь зуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ өдгөө эх орноо мэдсэн сурсан, харсан үзсэнээрээ гийгүүлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Тал нутагтаа өөрийн бизнесээ цэцэглүүлж, хүний газар хүйтэн халуунд зүдэн олдгоосоо илүү их баялгийг бүтээж, хишиг буяныг нь хүртэх, хурдан хөлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэт дураараа давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энүүхэн гүвээний цаана байгаа тэр цагийг авчрах их үйл хэрэгт та нарын минь оролцоо, зүтгэл үнэхээр хэрэгтэй байна.

Иймд Та бүхэн өөрсдийн санаж бодсон, ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо хөгжүүлэхэд яахын аргагүй нэмэр болно гэж үзсэн мэдлэгээ, тэр ч бүү хэл давтагдаж мэдэх алдаа завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгүй бизнес хийх арга хөтөлбөр, бүтэн төслөөс эхлээд ганц өгүүлбэрт багтах саналаа хүртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны press.office@prime.pmis.gov.mn эсвэл info@open-government.mn
хаягаар ирүүлнэ үү? Та нарыгаа санан хүлээх элгэн садан, эх орон, улс үндэстнийг тань төлөөлж хүндэтгэн ёсолсон, Монгол Улсын Ерөнхий сайд
Санжаагийн Баяр

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, Улаанбаатар хот

Б.Явуухулан "Би хаана төрөө вэ?"

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Тусгаар Улс байглуулахын төлөө тэмцэл ба автономи

Мөхөж байсан Манж Чин улсыг хуваан хагас колони хараат орон болгосон том гүрнүүд, манжийн хаанчлал халагдаж, ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Дундад Иргэн улс 1911 оны арван хоёрдугаар сард байгуулагдсаны дараа ч нөлөөний хүрээгээ өргөтгөхийн төлөө өрсөлдсөөр байлаа. Буриад монголыг өөртөө нэгтгээд, тариачдаа суурьшуулан Манж Чин улстай хаяа нийлэн хиллэх болсон Орос улс 1907, 1910 онд Гадаад монгол дахь "тусгай эрх ашгаа" Япон улсаар зөвшөөрүүлэн байр сууриа бэхжүүлж, улмаар Урианхайн хязгаарыг авахаар тэмүүлж байв. Гэвч Япон, АНУ, Герман зэрэг орнууд мөн монголын газар нутаг, худалдааны боломжийг судлан, хятадын худалдаачдаар зуучлуулан бараагаа борлуулж, оросуудыг шахаж, алт нүүрсний уурхай байгуулах боллоо.

Япон улс мөн Солонгос дахь "тусгай эрх ашгаа" Оросоор зөвшөөрүүлээд, Манжуураар дамжуулан Ази тивд нөлөөгөө ихэсгэж байсан тул Орос улс монголтой хиллэсэн хилийнхээ дагуу цэргийн ангиудаа байрлуулсан байлаа. Хүчирхэг гүрнүүдийн Алс Дорнод, Хятад дахь дайн, Орос, Хятадын хувьсгалт хөдөлгөөн манжийн зах хязгаар монголд нөлөөлж, зах зээлийн харилцаа нэвтэрч, гадаад орны үйлдвэрийн бүтээгдэхүүн шинэ сонин хачин зүйлс монголчуудыг гайхшруулан хоцрогдлыг нь ойлгуулж байв. Манжийн төрийн "Шинэ засгийн бодлого" монголчуудын "үндсийг таслах, шашныг сөнөөх" -д чиглэж, тусгаар тогтнолын төлөө босох нөхцөлийг бүрдүүллээ.

1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын хаад ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Жавзандамба хутагт, Халхын хан нар нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч А.Нератов, Сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, II Николай хаан хүлээн авч уулзжээ. Оросын засгийн газар манжаас тусгаарлахыг дэмжилгүй, "Шинэ засгийн бодлого"-ыг зогсооход Хятад Монголын хооронд зуучлах амлалт өгсөн байна. Тэр үед Бээжинд сууж байсан элчин Коростовец, Оросын Гадаад явдлын яамны Алс Дорнодын газрын дарга, Монголын талаарх бодлогод шийдвэрлэх үүрэгтэй байсан Ж.А. Козаковт хэд хэдэн чухал санаа хэлж нөлөөлөхийн зэрэгцээ, шинэ засгийн бодлогоо зогсоохыг хятадуудаас шаардаж байв.

Монголчууд мөн оныхоо арван хоёрдугаар сард Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав. Ийнхүү "монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" , Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцлээ. Манж Чин гүрний захиргаанд байсан монгол овогтнууд Хүрээний засгийн газарт нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж үзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам үлдсэнгүй. Тиймээс хоёр том гүрний завсар тэсч үлдэхийн төлөө тэмцсэн монголын ард түмний түүх эдгээр орнуудын түүхтэй харилцан хамааралтай өрнөлөө.

1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн ба Магсаржав гүн, Дамдинсүрэн гүн, Тогтох тайж, Хайсан гүн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргүүд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны наймдугаар сарын 7-д Ховд хотыг бүрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна.
Гэвч Дундад Иргэн улс монголын хувьсгалыг дарахаар Ховд руу цэрэг хөдөлгөв. Орос улс 1912 оны 5 дугаар сарын 6,14,18-нд Гадаад яамандаа зохион байгуулсан яамдын уулзалт дээрээ монголын асуудлаар баримтлах гурван гол зарчмаа тодорхойлжээ. Эдгээр нь: 1-д Хятадын Бүгд найрамдах улсын сюзеренитет дор Богд хаантай автономит Гадаад монгол улсыг байгуулах, 2-д автономит Гадаад монголд хятад гурван онцгой баталгаа өгөх, тухайлбал Гадаад монголд цэрэг оруулахгүй байх, колоничлохгүй байх, хятадын засаг захиргаа байгуулахгүй байх, 3-д Орос нь Гадаад монголд эдийн засгийн онцгой эрх, сонирхол олж авах байв. Дээрх зарчмыг тодорхойлоход Казаков, Нератов, Коростовец нар гол үүрэгтэй байжээ.

Ийнхүү Гадаад монголыг хятадтай харилцах автономит эрхтэй завсрын бүс болгохоор шийдэж хэрэгжүүлсэн юм.
Орос улс XIX зууны дундаас шинжилгээний ангиа монголд илгээж материал цуглуулан, газрын зураг зэрэг хэрэглэгдэхүүн хийж ашиглаж байв. Дээрх газрын зургийг хийхэд оролцсон В.Л.Котвич Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгч байлаа. Энэ хэлтэс нь Азийн орнуудыг судлан Орос улсын нөлөөг улам бэхжүүлэх зорилготой байв. Мөн Сангийн яамыг Төв, Зүүн Азийг судлах "Оросын хороо"-нд төлөөлж байжээ. Дорно дахины судлаачид, засгийн газрын болон нэртэй хувь хүмүүс оролцож, ивээн тэтгэж байсан тус хороонд И.Я.Коростовец Гадаад явдлын яамыг төлөөлж байжээ. Котвич Азийн хэд хэдэн оронд оросын байгууллага, пүүсийг байгуулахад оролцож байсан тул улс төр, эдийн засгийн асар их өөрчлөлтийн тавцан хятад, монголын байдлыг сайн мэдэж байлаа.
Котвич 1912 оны хавар (1912 оны 7 дугаар сарын 14-нд буцах замдаа захиа бичсэнээс үзэхэд) Ж.Цэвээн, К.М.Масков нарын хамт монголын хойд хэсэг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлаар явж, монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Хүрээ, Монголын төв болон баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн монголын амьдрал ахуй, засаг захиргааны байгуулал, нийгмийн харилцааг ул үндэслэлтэй судалжээ. Түүнийг монголд байх үед Оросын Гадаад яаманд монголын талаарх бодлогыг тодорхойлсон уулзалт болжээ.

Гадаад монголыг XX зууны эхэн үеэс сонирхох болсон Япон юуны өмнө Өвөр монгол дахь нөлөөний хүрээгээ Оростой дахин баталж авлаа. Япон Орос хоёр 1912 оны 7 дугаар сарын 8-нд нууц конвенци байгуулж, Өвөр монголыг Бээжингийн уртрагаар (Гринвичийн 116 градус 21 минут)хоёр хувааж,түүний дорнод хэсгийг японы,баруун хэсгийг оросын нөлөөний хүрээ гэжээ. Энэ конвенцийн дараа Орос улс, монголын талаар 5 дугаар сард тодорхойлсон зарчмуудаа 8 дугаар сарын 15-нд яамдын сайдууд, II Николай хаанаар хүлээн зөвшөөрүүлээд засгийн газрынхаа бүрэн эрхт төлөөлөгчөөр Коростовецийг Хүрээнд томилов.
Коростовец 1912 оны 9 дугаар сард Нийслэл Хүрээнд иржээ. Оросын талаас Коростовец, монголын талаас да лам Цэрэнчимэд толгойлж байсан төлөөлөгчид Монгол хэмээх нэрэнд хамааруулах газар нутаг, статусын талаар маргалдаж, Коростовец хурал хаяж байсан боловч гэрээнд гарын үсэг зуржээ. Коростовец"Гадаад монгол" гэсэн томьёоллоос "Гадаад" гэсэн үгийг хасч, өргөн утгаар ойлгож болох "Монгол" гэсэн үгийг орос эхэд, "Монгол улс" гэсэн томьёоллыг монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрөх, "автономия" гэсэн грек гаралтай үгийг монгол эхэд "өөртөө тогтнож", "өөртөө эзэрхэх" ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзах зэрэг буулт хийсэн байна. Ийнхүү хоёрдмол утгатай болсон боловч, Хаант Оростой бие даан гэрээ байгуулсан нь монголын хувьд маш чухал ач холбогдолтой байлаа.

1912 оны 12 дугаар сард хятадын цэрэг Ховд руу дөхөж ирэхэд Орос болон түүний холбоотой Англи, Япон хятадад шахалт үзүүлэн цэргийг нь гэдрэг татуулсан байна. Өвөр монголд түрэмгийлсэн хятад цэрэгтэй Хүрээнээс илгээсэн монгол цэрэг 1913 оны турш өвөр монголчуудтай хүч хавсран амжилттай тулалдаж байсан боловч, Орос улс өвөрмонголоос цэргээ татсан тохиолдолд Монголд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэсэн болзол тавьсан тул Хүрээний засгийн газар 1913 оны арван хоёрдугаар сард арга буюу цэргээ эргүүлж татахад хүрчээ.

Хүрээний гэрээнд сэтгэл ханамжгүй байсан монголчууд Оросын засгийн газрын удирдлагатай биечлэн уулзуулахаар Ханддорж тэргүүтэй хоёр дахь төлөөлөгчдөө (1912 оны 12 дугаар сараас 1913 оны 3 дугаар сар) явуулж, Ховдын хязгаарыг Монголд нэгтгэхийг Оросоор зөвшөөрүүлжээ. Мөн Орос улс монголын асуудлаар Хятадтай хэлэлцээ хийж байгааг мэдээд, Богд 1913 оны 5 дугаар сард Коростовецэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүний дараахан 1913 оны 6 дугаар сард Коростовец нутаг буцжээ. Ийнхүү Орос, Хятадтай Гадаад монголын хил хязгаар, статусийн талаар тохиролцож байх үед Коростовец монголын газрын зураг хийхэд оролцож байсан байна. Тэрээр монголд хийсэн тэмдэглэл, бусад материалаа ашиглан 1915 онд Санкт-Петербургийн ойролцоох Царское село-д "Монголд 9 сар: дипломат төлөөлөгчийн тэмдэглэл" дурсамжаа бичжээ.

Орос хятадын хэлэлцээ үе үе тасалдаж, дахин сэргэсээр жил гаруй болж, 1913 оны 10 дугаар сарын 23-нд (11 дүгээр сарын 5) Бээжин хотноо Орос -Хятадын тунхаглалд гарын үсэг зурж, нот солилцсон байна. Орос улс хятадаар Гадаад монголын автономийг зөвшөөрүүлжээ. Нот бичигт: Гадаад монголын өөрөө засах газрын хязгаарыг зүй нь урьдын Чин улсын Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд, Улиастайн жанжин, жич Ховдын сайдын захирсан хязгаараар хэмжээ болговоос зохимуй. Гагцхүү одоо нарийн нягт газрын зураггүй бөгөөд харьяат олон газрын засгийг явуулах газрын хязгаар хэмжээг бас тодорхойлон хуваагаагүй тул Гадаад монголын зах хязгаарыг лавлан .... хойч өдрөө зөвлөн тогтоовоос зохимуй" гэж заасан байна. Ийнхүү автономитийн хамрах нутаг нийт "Монгол" биш, зөвхөн Гадаад монгол" болжээ. Энэ нь Гадаад монголын хилийн асуудалд орон бүр өөр өөр саналтай байсныг харуулж байна.

Үүний дараахан 1913 оны 11 дүгээр сарын 5-наас 1914 оны 1 дүгээр сарын 5-н хүртэлх хугацаанд Орост очсон Монголын засгийн газрын төлөөлөгч Сайн ноён хан Намнансүрэн тусламж хүсэхийн зэрэгцээ Барга ба Өвөр монголыг оролцуулан Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийг цөхрөлтгүй оролдсон юм. Сайн ноён хан Петербургт сууж байсан хятадын элчинд тусгай нот бичгээр: "... уул эзэн нь болох монголын газар нутгийг уг улсад эзэмшүүлж, хилийг тодорхойлохдоо зах нийлж байгаа бүх монголчуудыг оруулсан тийм хил хязгаараар хүлээн зөвшөөрөхийг шаардах болно" гэж байр сууриа илэрхийлжээ.

Сайн ноён хан Намнансүрэн монголыг мэдэх, өөртэй нь болон да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн зэрэг нөлөө бүхий хүмүүстэй бичиг захидлаар харилцаж байсан Котвичийг чин вангийн зэргийн, алтаар хийсэн эрдэнийн Очир одонгоор шагнаж, Монголд санхүүгийн зөвлөхөөр томилуулах саналтай байсан боловч оросууд С.А.Козиныг явуулахаар шийджээ. Котвич 1913 оны гуравдугаар сарын 28-нд монголд хийсэн аяллынхаа тухай Эзэн хааны оросын газар зүйн нийгэмлэгийн хуралдаанд танилцуулсан бөгөөд монголд гурван сар орчим байхдаа хийсэн ажлаа нэгтгэн "Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй" (Петербург.1914) гэдэг ном бичсэн байна.

Хиагт хотод 9 сар гаруй үргэлжилж, 1915 оны зургаадугаар сард дууссан Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Орос Хятадын тунхаглалаар зөвхөн Гадаад монголыг Дундад Иргэн улсын эзэн эрхийн (сюзеренитет) дор орших автономит улс, Орос улсын ивээл хамгааллын (протекторат) нутаг гэж тохирсоноо монголд тулган хүлээлгэсэн юм. Богд хааны засгийн газар "Монгол улс" нэрийг хэрэглэхээс татгалзахад хүрчээ. Өвөр монгол нь хятадын нэг хэсэг болсон байна.

Орос хятадын тунхаглалаар тогтоосон Автономит монголын газар нутгийн Өвөр монголтой хиллэх заагийн асуудал "хурлыг эхлэх, тараах гол асуудал" болж байв. Бээжингийн хэлэлцээний үеэр яригдсан, Гадаад монголын хил болон баримтлах газрын зургийн асуудал Хиагтын хэлэлцээр дээр ч шийдэгдэж чадаагүй юм. Хятад өөрсдийн хийсэн бичгээ санал болгож, хилийн онц тэмдэгтэй газруудыг тодорхойлон бичүүлэхгүй гээд, газрын зураг баримтлахыг эсэргүүцэж байв. Оросууд манжийн эзэнт гүрний үед Өвөр монголын хилийг зааглан тогтоосныг үндэслэн харьяалах газрыг тогтоон, Хятад улс Ар монголтой хиллэх хилийн шугамыг хавсралт зургуудад улаан хөх өнгөөр зурж тэмдэглэхийг санал болгожээ. Харин "Орос монголын хилийг хэлэлцэж үл болмой" гэсэн цахилгааныг Монголын Бүгд ерөнхийлөн захирах яаманд явуулж, санаснаараа болгожээ.

Монголын төлөөлөгчид нийт монголчуудыг хамарсан тусгаар Монгол улсын хилийг зааглан тогтоохдоо Орос улсын засгийн газар, түрүүчийн манжийн засгийн газраас гаргасан хил хязгаарын газрын зургийн дагуу нарийвчлан шалгаж тогтоох, Орос Монгол хоёр улсын хилийг улаан шар өнгөөр тэмдэглэх, Хятад Монгол улсын хилийг бор шаргал өнгөөр тэмдэглэж гарын үсэг тамга дарж баталгаажуулахыг зорьсон байна. Манж, Оросын хийсэн газрын зургууд нь эртнээс амьдарч ирсэн газар нутгаа тэмдэглэж ирсэн монголчуудын өвөрмөц газрын зурагтай ойролцоо байсан бололтой. Монголчуудын газрын зураг нь хилийн овоо нэг бүрийг нарийн тодорхойлсон зургийн өгүүлэл цэс хэмээх баримт бичигт үндэслэсэн, их төлөв улаанаар хилийн зааг шугам, харуул, өртөө зэргийг зурсан байдаг байв. Гэвч олон улсын жишгээр хийсэн зураг байсангүй.

Гурван этгээд өөр өөрийн байр сууриа баримталсаар байсан тул хэлэлцээр мухардалд орж байв. Гэвч японы түрэмгийлэлд шахагдаж байсан хятад, хүчинд автагдсан монголыг гэрээнд гарын үсэг зуруулах талаар Орос улс чармайлт гаргасны дүнд хэлэлцээр дууссан байна.Энэ гэрээгээр тогтоосон монголын автономийг хятадын цэрэг хүчээр түрэмгийлэн 1919 онд устгасан. Мөн гэрээнд Гадаад монголын хил хязгаарыг ерөнхийдөө хаанаас хаа хүрэхийг тодорхойлоод, гарын үсэг зурснаас хойш 2 жилийн дотор гурван талын төлөөлөгчид оролцсон тусгай комисс нарийвчлан тодотгохоор тогтоожээ. Энэ заалт хэрэгжилгүй явсаар 1945 онд ЗСБНХУ, АНУ, Англи гурван их гүрний удирдагчдын Ялтын бага хурал дээр дайны дараа Гадаад монголын (БНМАУ-ын) Статус-квог одоогийн байгаа хилээр нь тогтоох шийдвэр гаргасан байна.
www.origo.mn

Монгол улсын төрийн далбаa ямар байх ёстой вэ?

Лхагва гариг, 01-10-2008 16:54

Энэ жилийн наадмаар Монголын алтан соёмбон дээр таван хошууг залсан "хулхи" далбааг олноор хийж тараав. Бараг машин бүр л зүүсэн харагдана лээ. Монгол улсын төрийн далбаа ямар байх ёстой талаар тун тодорхой хуульчлан заасан байдаг. Монголчууд бид мэдлэг дутуу байлаа гэхэд арай ч ийм байж болохгүй болов уу... Хятад улсын төрийн далбааг 5 биш 7н таван хошуутай, оросын төрийн далбаан дээр архины лонх зурсантай адилхан явдал болж байгаа юм. Дээрхи далбааг 2 хөршийн эрхшээлд байх үед бий болгосон байдаг, хэрэв ийм далбаатай таарвал урж хаяхыг зөвлөж байна.Монгол улсын төрийн далбаанд дараах алдаанууд тогтмол илэрдэг.

Монгол улсын төрийн далбаан дээд хэсэгт байрлах "Гал".
Монгол овог аймгуудын туг далбаа, тамга сүлдэнд "Гал, Нар, Сар" орсон байх нь элбэг. Нэгэнт л энэ 3н зүйлээ тодорхойлох гэж байгаа учир дүрс хэлбэрийн хувьд үнэн зөв, оновчтой алдаагүй зурж үйлдэх ёстой. Төрийн далбаан дээд хэсэгт байрлах галыг "лянхуа цэцэг", "хонхон цэцэг" зэргээр орлуулан зурсан байдаг нь уг туг далбаан утга санааг үгүй хийж буй хэрэг юм.

Монгол улсын төрийн далбаан "Хос загас".
Загаснууд нар зөв тийш эргэсэн байдалтай байдаг, зарим туг далбаaн дээр буруу тийш харуулан зурсан байдаг нь мөн алдаанд орох болов уу. 2008 оны олимпын үеэр буруу харсан хос загастай далбаа харагдаж байсан.

Монгол улсын төрийн далбаа

"ЭТСБТ" Э.Одбаяр

http://www.pambaga.net/

Харанга Толин хул

Friday, October 10, 2008

АНХААРАЛТАЙ УНШ !!!

Монголын тvvхийн давтамж vеvvдийг тооцож vзэхэд 300 жилийн ємнєх 1740-єєд он, 400 жилийн ємнєх 1640 он, 600 жилийн ємнєх 1440-єєд онуудад Монголын тvvхэн нєхцєлтэй харьцуулан жишихэд 2040-єєд онд Монгол орон нэлээд ээдрээтэй, хэцvv, тусгаар тогтнол аюултай он жилvvд болох тєлєвтэй урьдчилсан нєхцєл vvсч буй мэт.

Yvнийг нотлох баримт:

Манай улсын экспорт, импортын барааны ихэнх хувийг эзлэх болсноор эдийн засгийн талаар хятад улсын хараат байдалд орсонтой адил.

Монгол нутгийн ємнєд хэсэг болох хойт єргєрєгийн 450-аас урагших газарт бvх эрдэс баялгийн 80-аас дээш хувь нь байршдаг бєгєєд эдгээр газруудыг эзэмших зєвшєєрєл /лиценз/-ийг хятадын компаниуд, хувь хvмvvс авч идэвхитэй ашиглаж эхэлж буй нь тодорхой болсон.

Улаанбаатар хот болон тєв суурин газруудад 1990-ээд оноос эхэлж хятадын гэх тодотголтой гуанз, ресторан, кафе, зочид буудал, цэнгээний газар олширсон. Yнэндээ энэ бол хар тамхи, янханчлал, садар самуунд уруу татах, мєнгє угаах, хуйвалдаан, гэмт хэргийн vvр уурхай.

Монголын хотжилт, барилгажилт хєгжих дутам ажилллах хvчин нэрээр тусгай vvрэг даалгавар бvхий залуучуудаас бvрдсэн хvмvvсийг Монголын бизнесмен гэгчдээр халхавчлуулан оруулж ирэх болсон!

1990-ээд оноос ємнєх vед хятадын эрлийз гэгдээ аминаасаа илvv нууцалж байсан хvмvvс 1990-ээд оноос "БИ хятадын ЭРЛИЙЗ, ТYYГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА" гэж цээжээ дэлдэх болсон. Тэд Монголын тєр, засгийн єндєрлєг єєд юугаа ч vл хайрлан тэмvvлэх байдал ил болсон.

Монгол оронд болсон тvр хугацааны улс тєр, эдийн засгийн ээдрээт байдлаас шалтгаалж ажиллах хvчний сор болсон идэр залуус маань харь нутагруу явж "амьдралаа дээшлvvлэх, мєнгє олох" нэрээр боолчлогдон, гадаадад дvрвэж байхад тэдний орон зайг гадаадын иргэд, хятадын хэдэн ажиллах хvчний эрчvvд эзэгнэж эх орон минь увайгvй аашлах явдал замаа алдсан гэмээр.

Энэхvv байдал яван явсаар даймжирч, "2044-2045" онд "Монгол хятадын дунд газар нутгийн маргаанаас vvдэлтэй дайн дэгдэнэ. Нэг жил vргэлжлэх энэ дайнд Оросууд санаа зовж, оролцох болсноор энэхvv дайн зогсоно. Yр дvнд нь Монгол газар нутгийн уртрагийн 45 градусаас урагш бvх нутаг дэвсгэр хятадын мэдэлд очно" хэмээн ОХУ-ын дорно дахины судлалын институтээс гаргасан зурхайчдын прогноз биелэх юм биш биз!

/Монгол таймс сонины 2004 он, Дугаар 36/

Монгол улсын түүхийг Хотгойдын түүхгүйгээр төсөөлөх аргагүй

Өнөө үеийн монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны бүлгүүдийн нэг томоохон нь Монголын баруун хойд хэсэг, одоогийн Завхан, Хөвсгөл аймгийн нутагт орших хотогойдуудын угсаа гарал, түүх, соёлын асуудлыг тусгайлан судалж үр хойчид нь өвлүүлэн ухааруулах, хүндэтгэн дээдлүүлэх нь чухал асуудал болоод байна.

Хотогойдын угсаа-түүхийн асуудлыг судлахад хамгийн чухал мэдээ, баримт өгүүлж буй сурвалж нь Монголын түүхийн тулгар сурвалжуудаас танин мэдэх бололцоотой. Тэдгээрээс тоймлон өгүүлбээс: 'Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж', 'Хаадын үндэсний хураангуй Алтан товч', Саган сэцэний 'Эрдэнийн товч', Жамбын 'Асрагч нэртийн түүх" зэрэг Монголын түүхийн тулгар бичгүүдэд Хотгойдыг захирч байсан ноёдын угсаа залгамжлал, тухайн угсаатан бүрэлдэх түүхэн цаг үеийн тухай өгүүлсэн байдаг бол Монголын томоохон түүхчин Галдан туслагчийн 'Эрдэнийн эрхи'-д XYIII зууны дунд үед Хотогойдыг бүрдүүлж явсан зургаан отгуудыг шадар жанжин Чингүнжавыг баригдсаны дараа хэнд ямар отгоос таслаж өгснийг мэдэж болохуйц мэдээ байдаг нь тун чухал юм.

Хотогойдуудын түүхэнд шууд болон дам байдлаар хамаарах сурвалж нь 1779 онд хэвлэсэн 'Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шаштир'-ын 53, 60, 61, 63, 64, 67, 79 дүгээр дэвтэрт Хотогойдын түүхэнд болсон зарим үйл явдал, Хотогойдын таван хошууг захирч байсан тайж ноёдын улс төрийн үйл ажиллагааны тухай, тэдний нутагшилт, тархацын талаарх мэдээ байдаг.

Манжийн төрөөс 1817 онд зохиосон 'Гадаад Монголын төрийн засах явдлын яамны хууль зүйлийн бичиг', 'Хааны бичсэн биеэр дайлж өрнө, умрын газрыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг буюу Энх-Амгалан хааны бодлогын бичиг', 'Дайчин улсын магад хууль', 'Зарлигаар тогтоосон Монгол Улсын шаштир', 'Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг' зэрэгт Хотогойд төдийгүй тухайн цаг үеийн Монголын нийгмийн харилцааны асуудал, ерөнхий дүр төрхийг харж болох байна. Тодруулж хэлбэл, Манжийн эрхшээлийн болон Богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хуулиуд нь тухайн судалгааны ажилд холбогдох баримт, эх мэдээг өгч чадсан төдийгүй эдгээрт Хотогойдын угсаа-түүх, хошуу ноёдын намтар, үйл ажиллагаа, үе залгамж, зарим түүхэн хэрэг явдлуудыг багтаасан нь тэдний засаг захиргаа, нийгмийн байгууллыг лавшруулан судлахад ач холбогдолтой юм.

Монгол Улсын түүхийн төв архивт хадгалагдаж буй XYIII-XX зууны эхэн үед хамаарах Манж, Монгол баримт бичигт Хотогойдын хошуудаас Улиастай чуулгантай харилцсан нугалбар, өдрийн тэмдэгт, дээш өргөн явуулсан бичиг, зарим бүрэн бус хүн, мал, жасын хөрөнгийн тоо, бүртгэл, татвар хураасан данс, уг хошууныхан хятад худалдаачидтай худалдаа хийж өр тавьсан тухай, хошуу захирагч ноёдыг Жан чин мэнд явуулах тухай өргөсөн бичиг, нутгийн хилийн цэс, ноёдын угийн бичиг зэрэг нь чухал тулгар хэрэглэгдэхүүн болж өгсөн юм.
Уг эх бичгүүдээс бид шүүн түүвэрлэж, Хотогойд түмэнд залагдах Хотогойд судрыг хэвлүүлэхээр бэлтгээд байна.

XIX зууны сүүл үед зохиогдсон 'Засагт хан аймгийн олон засаг хошууны түүх' [ene nigen debter amui] хэмээх жижиг гар бичмэл нь Хотогойдын хошуудын түүх, ноёдын уг эх, зарим түүхэн хэрэг явдал, газар нутгийн цэс, өртөө харуул, хүн ам, малын тоо зэргийн талаар тун чухал мэдээг өгүүлсэн сурвалж гэж үзэж байна. Уг сурвалжид анх таван Хотогойд, гурван Олхонуд хэмээх нэр гардаг билээ.

Манжийн эрхшээлийн үеийн албан түүх, хууль эрхээс гадна Богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хууль эрх зүйн баримтууд бас ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. 1914-1919 онд зохиосон 'Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир', 'Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг' зэрэгт Хотогойдын төдийгүй тухайн цаг үеийн Монголын нийгэм-эдийн засаг, угсаа-соёлын харилцааны асуудал, ерөнхий дүр төрхийг харж болох байна. Тодруулж хэлбэл, Манжийн эрхшээлийн болон богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хуулиуд нь тухайн судалгааны ажилд холбогдох баримт, эх мэдээг өгч чадсан төдийгүй эдгээрт Хотогойдын угсаа-түүх, хошуу ноёдын намтар, үйл ажиллагаа, үе залгамж, зарим түүхэн хэрэг явдлууд, нийгэм, аж ахуйн үйл ажиллагаа, харилцаа, хэв журмын тухай мэдээг багтаасан байдаг нь уг судалгааг хийхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Мөн хотогойдын тухай болон Засагт хан аймгийн нийгэм-эдийн засгийн байдал, ард олны аж амьдралын хэв маяг, хил "tu gan" хязгаарын түүхийг өгүүлсэн 'Засагт хан аймгийн чухал хэргийн данс' [Zasa u-iyn dansa] хэмээх сурвалж шинээр олдсoныг хэвлэн -iyn Sihul-a here aima нийтэлсэн болно.

Хотогойдын түүхийг судлахад хэрэглэгдэх үндсэн эх сурвалж, архивын баримт бичиг, жуулчдын тэмдэглэл хэдийгээр нэлээд байгаа мэт боловч Монголын бусад угсаатны бүлгүүдийн түүхийн баримт, материалтай харьцуулбал Хотогойдын түүхийг бүрэн төгс судлах баримт, хэрэглэгдэхүүн ихээхэн хомс юм. Энэ нь хотогойдууд олон удаа хэд хэдэн томоохон нүүдэл хийсэн, Халх-Ойрадын хооронд болсон дайнд нэлээд өртөж, тэдгээрийн мөргөлдөөний талбарт нутагладаг, төвөөс ихээхэн зайдуу оршдог, ХХ зууны эхэн үед олон сүм хийдээ устгуулсан, архивын баримт бичгүүдээ хувьсгалын эсэргүү үзэлтнүүдэд шатаалгасан зэрэг шалтгаануудаас болж ховор, хомс байгаа юм.

ХОТОГОЙДУУД ТҮҮХИЙН ТАВЦАНД ГАРЧ ИРСЭН НЬ

XYI-XYII зууны зааг үед Халхын баруун гар Засагт хан аймгийн баруун хойд, хойд, Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутагт Гэрсэнз Жалайр хунтайжийн угсааны Шолой убаш хунтайжын захиргаанд Хотогойд [Hotugoid] хэмээх нэгэн бүлэг угсаатан захирагдах болжээ. Хотогойд угсаатан түүхийн тавцнаа гарч ирсэн нь энэ үе юм.

Эрдэмтдийн үзэж буйгаар Хойд аймгийн хэсэг нь Халхын Засагт ханы мэдэлд багтах болсон нь XYI зууны эцэс үед хамаарагдана. өөрөөр хэлбэл, Ашихай дархан хун тайжийн ач хөвгүүн Лайхурын үед Халх-Ойрадын хооронд болсон хэд хэдэн дайны явцад Ойрадын хойд аймгийн заримаас таслан захирсан бололтой.

Лайхурын үеэс өмнө Халхын дунд Хотогойдын нэр ер үзэгдсэнгүй нь тэднийг XYI зууны сүүл үеэр л Халхын баруун гарт харьяалагдан захирагдах болсон гэсэн саналыг зарим эрдэмтэн дэвшүүлдэг. Харин эрдэмтэн Д.Гонгор Гэрсэнзийн хатан Их Тайху хөвгүүддээ Халхыг хувааж өгөх тэр үед Хотогойдууд нь Саму-буйма-д өмч болон очсон Урианханы дотор багтаж явсан байж магадгүй гэж үзжээ.

Ямартай ч Ойрадын нэг аймаг болсон Хойд аймгийн зарим хэсэг нь XYII зууны эцэс үеэр Халх-Ойрадын үймээний үеэр Засагт ханы мэдэлд орж улмаар Ашихай дархан хун тайжийн дэд хөвгүүн Түмэндарь хотогур дайчингийн удмынханд захирагдах болжээ. Түүний хөвгүүн Шолой убаши буюу 'Алтан хан'-ны үед Хотогойд нэрээр ихэд алдаршсан юм.

Энэ нь хотогойдууд угсаатны хувьд идэвхтэй бүрэлдэн хөгжих болсон үе юм. Сурвалжид энэ үеэс Ашихай дарханы мэдэлд очсон Yнэгэд, Жалайрын хойчис нь 'таван Хотогойд', 'гурван Олхонуд' хэмээгдэх болжээ.

Эрдэмтэн С.Пүрэвжав таван Хотогойдыг Шолой убашийн таван хөвгүүнтэй холбон тайлбарласан байна. Гэтэл Монголын түүхийн сурвалжид Хотогойдыг Шолой убашийн таван хөвгүүнд хуваан захируулсан мэдээ занги өнөө хэр үзэгдсэнгүй. Гагцхүү түүний эзэмшлийг II Алтан хан буюу Омбо-Эрдэнэ нь дангаар захирах болсон нь мэдэгдэж байна. Ийнхүү хотогойдууд нь XYII-XYIII зууны зааг үед нилээд хүчирхэгжин хөгжиж байв. Yүнийхээ үр дүнд хойдууд+халхчуудын хооронд уусан ижилсэх явдал нилээд хүчтэй явагдаж Хотогойд хэмээх нэгэн угсаатны бүлэг буй болсон бололтой.

Хотогойдууд нь угсаа гарал, овгийн бүрэлдэхүүнээс гадна хэл зүйн болон аман аялгууны хувьд цэвэр халх биш бөгөөд ойрад-халхын завсрын шинжтэй болохыг эрдэмтэн Б.Я. Владимирцов судлан '...Бүх талаас нь үзвэл хотогойд аман аялгуу нь Халх-Ойрадын аялгуу хутгалдсaны дүнд буй болсон холимог аялгуу юм. Чингэж хутгалдах явц нэлээд эрт буй болсон бололтой" гэжээ.

Yүнийг Монголын эрдэмтэн Ж.Цолоо судлан '...авиа зүйн болон хэлний зүйн талаасаа цэвэр халх биш өвөрмөц шинжтэй бөгөөд тухайлбал захчин, урианхай аялгуутай төстэй хэмээн дүгнэжээ.'

Мөн хотогойдуудын дундуур XIX-XX зууны заагаар аялсан эрдэмтэн Г.Н.Потанины тэмдэглэлд Хотогойдуудыг халх бус болохыг ажигласан ба '...тэдний байр байдлыг ажиглавал баруун халх монголчуудтай адил харагдах бөгөөд хэрэв зээ монгол хэл мэддэг байсан бол хэлний хувьд адил төстэйг ч нэгэн адил олж үзэх байсан буй за' гэжээ.

Бидний судалгааны үр дүнд хотогойдууд нь аман аялгуу болон хэлний зүйн хувьд төдийгүй түүхэн нутагшилт, зан үйл, амьдралын хэв маягын хувьд дан ганц халх биш ойрад, Халхын төдийгүй олон төрөл ястны оролцоотой үүсэн бүрэлдсэн нь батлагдаж буй боловч Оросын эрдэмтдийн үздэг шиг түрэг гаралтай хүмүүс биш гэдэг нь тодорхой болно.

Түүгээр барахгүй XX зууны эхэн үе хүртэл тэдэнтэй хөрш орших Халх-Хотогойд хоёр бие биенээ халх, хотогойд ялган гэж тусгаарлан нэрлэдэг байжээ. Тэд 'Бид өөлдөөс гаралтай бөгөөд одоо халх хэлээр ярьдаг болчихоод байгаа юм', 'Заримдаа манайхныг ойрадаас гаралтай гэх бөгөөд Ойрад хотогойд гэдэг байсан', 'бид Их мянганы [Хойдыг хэлж байна. С.Ч] үр угсаа хожим Халх нутагт ирж суусан юм' гэх зэргээр өөрсдийнхөө гарлыг Ойрад, Хойдуудтай холбон үзэх нь хотогойдуудыг ойрадуудтай холбож үзэх бас нэг сэжим юм.

Харин Манжийн төрийн зохиосон Илтгэл шастирт '...Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ, Баруун этгээд нь өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал цахар дүртэйХотогойд хэдий засагт ханы харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ' гэжээ. Уг мэдээ нь Хотогойдыг халхаас ямар нэгэн байдлаар өөр, зан төрх, угсаа гаралтайг илэрхийлж байна.

Ийнхүү XYI зууны эцсээр Халхын засагт ханы харьяанд шилжсэн Хойдууд түүхэн хөгжлийн явцад халхчуудтай холилдон хотогойд хэмээх нэгэн угсаатны бүлэг үүсгэжээ.

Ийнхүү хотогойд нар XYII-XYIII зууны үед хүчирхэгжин тэд Засагт ханы харьяаных гэхээсээ илүү бие даасан мэт оршиж байв. Тухайн үеийн Ойрад-Халхын алинд ч хамаарахгүйгээр Хотогойдын улс, Хотогойдын газар, Хотогойдын хан гэх зэргээр нэрлэх болсон нь тэд ихэд хүчирхэгжсэний шинж юм.

Энэ үеэс л Хотогойдын ард түмэн өөрсдийгөө 'би Халх', 'би Ойрад хүн' гэхээсээ илүү би Хотогойд хүн хэмээх болжээ. өөрөөр хэлбэл угсаатан өөрийгөө ухамсарлан үзэх сэтгэлгээ бүрэлдэн тогтож чадсан байна.

ХОТОГОЙД НЭРИЙН УЧИР ХАМААДАЛ, СУДАЛГАА

Хотогойд хэмээх нэрийн үүсэл гарал, утга учрыг эрдэмтэд XIX зууны сүүл үеэс л янз бүрээр тайлбарласаар ирсэн. Тэдгээр эрдэмтдийн судалгааны үр дүнг харьцуулан үзэх нь хотогойд нарын угсаа гарлыг тодорхойлоход бас нэг шижим болох юм.

Хотогойд нар XYI зууны үеийн эцсээс түүхэнд нилээд томоохон байр суурь эзэлж байсан тухай өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Хотогойд нэрийн учир хамаадал, үүсэл гаралын талаар эрдэмтдийн дунд үндсэн хоёр чиглэл байна. Yүнд:

а/. Хотогойд нь Хото-Гайту буюу монголжсон түрэг гаралтай угсаатан гэж үзсэн ба Г.Н.Потанин уг саналыг анх тавьсан. Тэрээр 'Гайту нь өмнөд Сибирь хавьд байдаг ба мөн Енисейн мөрний эх Урен голын орчимд өөрсдийгөө Хайдутууд гэж нэрлэдэг омог бий' гэжээ.

Мөн Конбаловт Хайдыпар, Кандык, Кастрендэд Кайденг нэртэй овгууд буйг тэмдэглээд Хотогойдыг тэдэнтэй холбон тайлбарлахыг оролдсон байна. Энэ саналыг эрдэмтэн Грумм-Гржимаило дэмжиж Хото-гайты нарыг түрэг ястны бүлэгт хамааруулан авч үзжээ.

Тэдний ингэж үзэхдээ зөвхөн нэрийн учир холбогдлыг хөөж, харин түүнийг бүрэлдүүлж буй овгийн бүтэц зэрэг зүйлийг анхаарсан нь бага юм.

б/. Хотогойд хэмээх угсаатны нэр Дөрвөн Ойрад, түүний бүрэлдэхүүнд байсан Хойд аймгаас үүсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл, Хойд+гойд гэдэг нэр үүссэн гэж үздэг. Энэ үзлийг монголын эрдэмтэд хүлээн зөвшөөрч дагасан байна.

XYI зууны сүүлээр Ойрадаас Хойд аймгийн нэг хэсэг олзлогдон нүүн ирж Засагт ханы хойд талаарх халхуудтай хольцолдон суужээ. Халхууд тэднийг Хойд+гойдууд буюу онцгойдууд зэргээр ялган нэрлэснээс уг нэр үүссэн гэдэг. Халхуудтай холилдон суух болсон хойдуудыг дөрвөн Ойрадын үндсэн хойдуудаас ялгахын тулд Хойд+гойд, онцгой+хойд гэж нэрлэсэн гэж үзжээ.

Нөгөө нэг хэсэг нь Хойдуудыг халхчууд хэл соёл, зан заншил, соёлын хувьд онцлогтой тул өөрсдөөсөө тусгайлан онцгойлж гойдлон тийнхүү нэрлэсэн гэж үзсэн байх юм. Ямартай ч хотогойдуудын нэрийн талаархи хоёр дахь санал нь Хойд аймагтай холбоотой нь ажиглагдаж байна.

Харин уг язгуур гарал нэг, хэл, соёл адилавтар, Ойрад, Халх хоёр хэзээнээс хаяа нийлэн нүүдэллэн суудаг тул тэд [Халх] XYI зууны сүүлээр Засагт харьяанд орсон Хойдуудыг ийнхүү эрс гойдлон, онцгойлж үзэх үү гэдэг асуудал тавигдана. Өөрөөр хэлбэл, Хойд нарыг үнэхээр өвөрмөц хэл яриа, эдлэх зүйлээс нь хамаарч гойд, онцгой гэсэн үү, эсвэл Хойд аймгаас таслагдан салж халхчуудтай нэгдэн суух болсныг нь ойрадууд үндсэн Хойдуудаас ялгахын тулд онцгойдоо гарсан хойд гэсэн утгаар нэрлэсэн гэх ч үндэслэл тун бага юм.

Гурав дахь жижиг санал нь Хойд+гайт буюу Хотгайтууд гэсэн нэрээс үүссэн гэж Хотогойдын ахмад настнууд ярилцдаг аж. Гэхдээ уг нэр XYIII зууны дунд үеэр болсон шадар ван Чингүнжавын үйл ажиллагаатай холбоотой аж. Учир нь Хотогойдууд Манжийн эсрэг тэмцэл хийж, Зүүнгарын хаан Галдан бошигттой байлдаж хөрш орших халхчуудад баахан гай тарьсан тул Хойт+гайт нэрийг гуйвуулан хочлож байсан бололтой.

Түүх сонирхогч Б.Цэрэл гуайн санал юм. Тэрээр 'Хотогойд нэр нь Хойд+гойд, Хойд+гайт ч биш харин Халхын баруун хойд, Засагт ханы хойд талаар нутагласан Хойдуудыг Халхчууд Хойд+хойдууд гэж нэрлэсэн' гэж үзжээ.

Ийнхүү эрдэмтэн судлаачид Хотогойд нэрийн [этноним], гарлын талаар янз бүрийн санал таамаг дэвшүүлжээ.

Бидний бодоход хотогойд нарын доторхи овгийн бүрэлдэхүүн, түүхийн үйл явцыг судлан үзэхэд тэд түрэг гаралтай аймаг бус харин монгол угсааны түүндээ дөрвөн Ойрадын нэг хэсэг Хойд аймгаас салбарлан гарч тэдгээр нь халхчуудтай айлсан суух болсон гэсэн саналыг барьж байгаа ч 'хойд+гойдууд' буюу онгой хойд гэсэн саналтай онолын хувьд санал нийцэхгүй байна.

Харин баруун Монголын аман аялгуунд хонийг 'хой' буюу 'кой' хэмээн нэрлэх бөгөөд хойдууд нь халхын Засагт ханы араар нутаглахад тэд эрхлэх аж ахуйн хувьд хониор нэн баян байсан мэдээ сурвалжисд мэр сэр тааралдана. өдгөө ч тэдэнтэй хил залгаа орших халхууд хонин хотогойдууд хэмээн хочлон нэрлэдэг.

Бид үзэхдээ 'хой' буюу хонь гэсэн үгэнд уугуул аймгийн нэр 'хойд'-ыг нийлүүлэн хотохойд хэмээх нэр үүссэн болов уу гэж үзэж байна. өөрөөр хэлбэл хой+т+хойд=хотохойд хэмээн үүссэн бололтой. Хонь бүхий хойд аймгийнхан гэсэн санаагаар үүссэн гэж үзэх нь ерөөс нүүдэлчдийн тэр дундаа монголчуудын овог аймгийн, угсаатны нэгжүүдийн нэр үүсэх бүтэцтэй адил байна. Учир нь халхууд угтаа хэл соёл, гарал, үүсэл нэгтэй хойдуудыг зах залган нутаглах болсноор харь хүмүүс мэт гойдлон нэрлэх бололцоогүй мэт санагдана. Харин эрхлэх аж ахуйн онцлогоороо хамаатуулан өөрсдийгөө нэрлэсэн болов уу. Тухайлбал, алаг адуутан, үхэр онход, хар ямаатынхан, хар адуутан гэх мэт.,

Харин энэ удаад хэлэх нэг санал бол хотогойд нэрийн бичлэгийн асуудалд өөрийн саналаа дэвшүүлж байна. өнөөг хүртэл манай судлаачдын түүх бичлэгт уг нэрийг Хотогойд [Hoto oid], oid] зэрэг тогтсон((Хотохойд [Hotohoid], Хойдхойд [Hoidhoid], Хотогойд [Hoto бичлэг үгүй байна. Ийнхүү тогтсон бичлэг үгүй байгаа нь уг нэрийн талаар тогтсон санал, судалгаа үгүй байгааг илэрхийлнэ. Энэ нь хотогойдуудын угсаа гарал нэрийн үүслийг бүрэн төгс шийдвэрлэснээр л шийдэгдэх тул бид хуучин монгол бичигт бичиглэснээр нь Хотогойoid] хэмээн бичжээ. Тиймээс бид дээрх олон((д [hoto зохиомол утга бүхий нэрээр нь нэрлэх бус харин түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн ирсэн бичлэгээр нь сэргээн тэмдэглэж заншвал зүйтэй болов уу.

ХОТОГОЙДЫГ ЗАХИРАГЧ АЛТАН ХААД БА ОРОС ОРОН

Монгол-Оросын харилцааны эхлэлийг Хотогойдыг захирч байсан түүхэнд Алтан хаад хэмээн нэрлэгдсэн Шолой, Омбо-Эрдэнэ, Лувсан нарыг эхлүүлсэн хэмээн албан ёсоор үздэг. Монголын умард хэсэгт нутаглах Хотогойдууд нь XҮII зууны монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсний нэг хэсэг нь умард хөрш Орос оронтой улс төр-эдийн засаг, соёлын харилцааны эх үндэсийг тависан явдлыг судлаачид өндөр үнэлдэг юм.

Өгүүлэн буй үед Алтан ханы захиргааны улс XYII зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн этгээддээ Сэлэнгэ мөрөн, Тамирын эх, Баруун хойш Алтай, Красноярскт, хойш Тагни-уул хүрэх болжээ. Нэгэнт зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, теленгүүд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон Хотогойдын нутагт авч ирэн нутаглуулах явдал ч байлаа.

Энэ үед умраас Оросын цагаан хаант улс Дорно зүгт хаяа тэлэн Сибирь, Алс Дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас Монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан Шолой убаши хун тайжтай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. Шолой убаши ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Шолой убаши өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ.

Оросын түүхийн архивт хадгалагдаж буй баримтаас үзэхэд Алтан хаад нь Оросын дорно зүгийн гол харилцагч нь Хотогойдын Алтан хаад юм. Худалдааны харилцааг ихээхэн дэлгэрүүлж байсны нэг тод жишээ нь хятадаас ногоон цайг Сибириэр дамжуулан анх орос орныг цайтай танилцуулсныг гэрчилэх баримт Оросын архивт хадгалагдаж байна.

Ийм харилцаа Шолой убаш, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Харин Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нэлээд алдарсан юм. Учир нь тухайн үед гадаад нөхцөл байдлын хувьд өмнөдөд Манж гүрэн хаяа тулсан, умардад Оросын улам улам идэвхтэй бодлого явуулах болсон, Монголын дотоодод улс төрийн тогтвортой бус байдал үүсч хямралын байдалтай тун хүнд үе байв.

Лувсанренчин Хотогойдыг захирах болсноор Засагт ханы болон Ойрадын эрх баригчидтай эв эвдрэлцэн тэдэнтэй үргэлжийн үймээн самуун дэгдээх болсон юм. III Алтан хан Лувсанренчин 1660-аад оны үеэс Ойрад, Халхын ноёдтой эвдрэлцэн байх газар үгүй болсон тул цөөн албатаа дагуулан Хөхнуур, Амдогийн газар очин улмаар 1691 онд манжийн хаанд дагаар оров. Түүнийг урагш явсны дараа Хотогойдуудыг 'дарга үгүй болов' хэмээн Лувсанренчин хунтайжийн үеэл Дорж Дай хунтайжийн хөвгүүн Гэндэнгээр 1686 оноос эхлэн Хотогойдыг захируулсан юм. Гэндэн эхэн үедээ '..нэгэн төрлийн Шибдуй хатан баатар лугаа хамт нийлэн Манж нарт Халхын адил бууж өгөлгүй уугуул нутгаасаас нэлээд зүүншлэн, Сэлэнгэ мөрний биед шахан бууж цагийг хүлээж байсан боловч Манжийн шахалт, шаардлагаар арга буюу 1694 онд дагаар орсон юм.

Чингис эзний Алтан ургийг язгуураас яллах ёсон үгүй... Чингүнжавын хэлсэн үгнээс, "Шадар ван Чингүнжавын үед Хотогойд нь '..тоос, халиучин, шэжнүүд, их хотогойд, бага хотогойд, мянгад' гэсэн зургаан отогт хуваагдан явсан. Тэдгээр отгууд нь хүн амын бүтцийн хувьд 'доод тал нь 50 өрх, дээд тал нь 200 гаруй өрх' байв. Чингүнжав нь Хотгойдуудыг удирдан Манжийн эрхшээлээс гарахаар хөдөлж, улмаар тэдэнд барьдаг албыг болиулах, хятад худалдаачдын пүүс, дэлгүүрүүдийг шатаан бусниулах зэргээр тэмцлээ эхэлсэн нь улмаар Монгол үндэс, язгуур эрх ашгийг хамгаалсан зэвсэгт тэмцэл болон хувирах эхлэл болсон юм. Гэвч уг бослого тэмцэл нь халхын зарим ноёдын эвээ ололцоогүйгээс хамааран зорьсон үйлсээ бүтээгээгүй юм.

Чингүнжав бол Хотогойд түмний төдийгүй монголчуудын бахархал болсон түүхэн домогт жанжин эр юм. Чингүнжав Монгол төрийн тусгаар тогтнол, газар шороо, алтан ургийн үндэс угсаагаа авран хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн баатар эрийн жишээ билээ. Түүний хэлсэн үг, захидлаас бид дээрх үгийг сонгон авсан билээ.

ХОТОГОЙДЫГ ТАРХААН БУТАРГАХ ОРОЛДЛОГО

Шадар жанжин Чингүнжавыг баригдсаны дараа Манжийн төрөөс Хотогойдын зургаан отгийг задлан бутаргаж, жишин хэд хэдэн хошуунд хуваан захируулсан юм. Энэ нь Хотогойдыг дахин ямар нэгэн үймээн самуун дэгдээхээс сэргийлсэн явдал билээ. өнөө үед Хотогойдууд нь Монгол улсын Архангай аймгийн Их тамир сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дорнод аймгийн Матад сум, Халх гол сум, Завхан аймгийн Баян-Тэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Тэлмэн, Идэр, Нөмрөг, Тосонцэнгэл, Булнай сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум, Увс аймгийн Малчин, Наранбулаг, Тэс, ховд аймгийн Булган, Мөнхайрхан, Мянгад, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхан, Түнэл, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Төмөрбулаг, Арбулаг сумуудад, Хэнтий аймгийн Хэрлэн суманд тус тус бүртгэгдсэн байна.

Мөн өвөрхангай аймгийн Бүрд, Баян-өндөр суманд өөрсдийгөө ар таван Хотогойдоос ирсэн гэдэг хэсэг айл байжээ.

Тэдний өөрсдийнх нь аман домгоор бол 'Ар таван Хотогойдоос 100 гаруй жилийн өмнө тасран ирсэн' гэдэг байжээ.

Өвөрхангай, Архангай, Говь-Алтайн нутаг буй хотогойдууд нь Чингүнжавын бослогын үеэр тарсан хотогойдуудын үр сад бололтой.

Харин Дорнод аймагт буй хотогойдууд хэдийд тэнд очиж суусан нь тодорхой бус юм. Лавтай Хотогойдоос тасран очсоныг гэрчлэх зүйл нь Дорнод аймагт Хотогойдын дотор байдаг овгуудаас нэлээд нь байна. Тухайлбал, Оймууд, Хөхнүүд, Бэсүд, Хотогойлог, Дархад гэх мэт.

Ховд аймагт буй хотогойдууд нь 1760 оны үест Хотогойдоос салан нүүсэн Мянгадуудын хамт очсон юм. Тэд одоо ч өөрсдийгөө Хотогойдын, ялангуяа Чингүнжав албат гэж ярилцдаг.

Оросын Холбооны улсын Буриадын нутагт Байгалын өмнө биеэр хотогойд овгийнхон байсан тухай эрдэмтэн Б.Бамбаев дурджээ. Тэдгээр Хотогойдууд нь Алтан хаадын үед тэд Сибирь болон Байгалын өмнө биеэр удаа дараа довтлох үед үлдэж хоцорсон боловуу. Буриадууд нь Сайн ханы самгалан, Бошигт ханы бослогоор ирсэн гэж ярилцдаг нь энэ үетэй холбоотой байж мэднэ. Сайн хаан хэмээх нь бодохул Эрийн сайн хунтайж буюу Лувсанренчин бололтой. өөрөөр хэлбэл Лувсанренчин, Галдангийн хоорондын үймээнээр Засагт ханы араас нэг хэсэг хүмүүс дүрвэсэн байна.

ХОТОГОЙДУУДЫН МОНГОЛЫН ТYYХЭНД ГYЙЦЭТГЭСЭН YYРЭГ, БАЙР СУУРЬ

XҮIII -ХХ зууны эхэн үеийн Монголчуудын угсаа-соёл, нийгэм-аж ахуй, улс төрийн түүхийн хөгжилд хотогойдуудын гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг зөв тодорхой гарган тавих нь хамгийн чухал асуудлын нэг тул товчхон өгүүлэе.

Хотогойдын эдийн болон оюуны соёлыг тодруулан судлаж өнөө үеийнхэн хийгээд хойч үеийнхэндээ таниулан мэдүүлж, хүндлэн дээдлүүлэх, өвлөн хөгжүүлэх сэтгэлгээг бий болгох зэрэг шаардлага байна.

Хотогойдууд нь XҮII зуунаас хойш ХХ зууны эхэн хүртэлх богино хугацаанд Монголын нийгэм-улс төр, соёлын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээж бахархалт түүхийг бүтээж чадсан ард түмэн билээ.

Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг тууштай тэмцэгч шадар жанжин Чингүнжавын баатарлаг тэмцэл, Шолой Убаши, Омбо-Эрдэнэ нарын Оросын эсрэг бат зогсож байсан байр суурь, Гэндэн хунтайжийн Ойрадын эсрэг хамгаалах тэмцэл зэрэг нь Хотогойдын ард түмний бахархал болсоор байгаа билээ.

Мөн бид дээр өгүүлсэн Орос-Монголын харилцааг үндэслэж, Монголын тусгаар тогтнолыг умараас хамгаалах, Орос зүгээс гарах хилийн элдэв маргаан, зөрчлөөс сэргийлэн харуул, өртөөний албыг сайн гүйцэтгэж байв. Ялангуяа ХХ зууны эхнээс Халх Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлах үед уг тэмцэлд хотогойдууд маш идэвхтэй оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж байсан нь баримтаас тодорхой байна. Жишээлбэл, Жалханз хутагт, Ерөнхий сайд Дамдинбазар Монголын баруун хязгаарыг чөлөөлөхөд тэргүүлэн оролцож, монгол төрийн ерөнхий сайдын албыг нэр төртэй хийж байв.

Хотогойдууд нь Монголын соёл, шашны түүхэнд тодорхой ул мөрөө үлдээж чадсан олон сайхан жишээ бий. Тухайлбал, Тэсийн хүрээ, Жалханз хутагтын хүрээ, Мөрөнгийн хүрээ зэрэг шашин соёлын томоохон хүрээ хийдэд умар зүгийн олон угсаатнуудаас хүрэлцэн ирж шашны ном соёлд суралцан Тува, Буриад зэрэгтээ очиж соёлыг түгээж байсан баримт олон бий.


Түүхийн ухааны доктор Хар Адуутан С.ЧУЛУУН

ХОТOГОЙДУУД СУДАР ТYYХИЙН ХУУДСАНД

www.zuuniimedee.mn

Монгол хэл

Б.Ринчен
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл.
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би.

Мөрөн гол цутгалант ширгэшгуй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл.

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяàг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм.

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ юугээ мандуулахын
Гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюóтан хэл юугээн
Энхрийлэн хөгжүүлэю хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би.

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгүүд дүү нэр
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юугээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл.
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юугээн бишрэн магтаму би.


Монгол хэлний аймаг: Монгол хэлний өнөөгийн байдал, ирээдүй

Монгол хэлний аймаг нь өмнө нь Алтай язгуурын хэлний бүлэгт багтана. Алтай язгуурын хэлний аймгууд нь Монгол, Түрэг, Тунгус, Япон, Солонгос хэлний аймгууд юм. Дээхэн үед Урал-Алтай (Алтай язгуурын хэлнүүд дээр одоо Фин-Угрик гэгдэх болсон Урал язгуурын Унгар, Финляндын Фин, ОХУ дахь Самоет г.м хэлүүдийг оруулаад) гэсэн илүү өргөн хүрээнд хамруулдаг байжээ. Мөн зарим эрдэмтэд Солонгос, Япон хэлүүдийг Хятад хэлнээс зээлдсэн үгсийн сан болон зарим онцлогоос шалтгаалан тус тусад нь салангид хэл гэж үзэх ба мөн зөрим нь хамтад нь Буюүэ гэсэн ангид язгуур бий болгохыг хичээх нь ч бий.

Эдгээр хэлүүд нь үгнүүдэд хойноос нь нөхцөл, дагавар залгагддаг, өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн гэсэн өгүүлбэрийн бүтэцтэй гэдгээрээ онцлогтой. Түрэг хэлний аймагт зүүнээсээ баруун Казак, Уйгур, Киргиз, Өзбек, Татар, Туркмен, Азери, Турк гэх мэт томоохон болон бусад олон хэлүүдийг хамарсан маш өргөн хэлний аймаг.
Тунгус гэдэг нь бидний уламжлан хэлж заншсанаар Хамниган хэлүүд. Манж хэл нь Хамниган хэл бөгөөд мөн Шивэй, Эвэнк, Солон, Эвэн гэх мэтчилэн бусад харьцангуй цөөн тооны хэлээр яригдах болсон хэлүүд байна.

Монгол хэлний үгсийн санд зээлдэгддэг гадаад үгнүүд буюу эсхүл гадаад гаралтай үгүүд дотор Самгарди буюу Санскрит, Төвд, Түрэг, Манж, Нанхиад үгүүд олноор байх ба сүүлийн үед барууны гаралтай үгүүд олноор хэрэглэгдэх болжээ.

Монгол хэлний аймгийг дотор нь системчлэн ангилах гэсэн оролдлого маш олон байдаг. Дээхэн үеийн оролдлогууд нь хэлний шинжлэх ухааны оролдлогоосоо илүү овог аймгийн ангилал болон улс төрийн асуудлууд дээр тулгуурласан гэсэн сул талуудтай байв.

Олон улсын нэр хүндтэй SIL байгууллагын албан ёсны Ethnologue хэвлэлийнхээр (2005, 15 дахь хэвлэл) ISO буюу Олон Улсын Стандартын Байгууллагын хэлний кодтойгоор ангилсныг сонирхвол:

Монгол хэл
  • Зүүн
    • Дагур
      • Дагур [ISO 639-3: dta]1 (Хятад; 1999:96,085; 1990:121,357) 2
    • Монгур
      • Канж [ISO 639-3: kxs] (Хятад; 1999:377-487; 1999:487)
      • Ту буюу Цагаан Монгол [ISO 639-3: mjg] (Хятад; 1999:152,000; 1999:190,000
      • Бонан [ISO 639-3: peh] (Хятад; 1999:6,000; 1999:10,000)
      • Дуншаан [ISO 639-3: sce] (Хятад; 1990:373,872; 1999:250,000)
      • Зүүн Шар Уйгур [ISO 639-3: yuy] (Хятад; 1999:3,000; 2000:6,000)
    • Ойрад-Халх
      • Халх-Буриад
        • Буриад
          • Хятадын Буриад [ISO 639-3: bxu] (Хятад; 1982:65,000; 47,000 Шинэ Барга, 14,000 Хуучин Барга, 4,500 Буриад)
          • Монголын Буриад [ISO 639-3: bxm] (Монгол; 1995:64,900)
          • Оросын Буриад [ISO 639-3: bxr] (Орос; 1990:318,000; 422,000)
        • Тулгуур Монгол3
          • Халх Монгол [ISO 639-3: khk] (Монгол; 1999:2,329,000)
          • Хоёрдогч Монгол4 [ISO 639-3: mvf] (Хятад; 1982:3,381,000)
      • Ойрад-Халимаг-Дархад
        • Дархад [ISO 639-3: drh] (Монгол; 2000:20,350)
        • Халимаг-Ойрад [ISO 639-3: xal] (Орос; 1993:173,000)
  • Баруун
    • Могол [ISO 639-3: mhj] (Афганистан; 200)
1 - Олон улсын стандартын ISO 639-3 код
2 - (Яригддаг улс; Ярьдаг хүний тоо Он:Тоо; Этник бүлэг Он:Тоо)
3 - Тулгуур Монгол гэдэг нь Англи хэлний Proper Mongolia гэдэг үгний шууд орчуулга
4 - Хоёрдогч Монгол гэдэг нь Англи хэлний Peripheral Mongolian гэдэг үгний шууд орчуулга

Энэ нь мэдээж учир дутагдалтай. Ихэвчлэн ӨМӨЗО-нд яригддаг аялагуудын онцлог ялгааг анхаарахгүйгээр "Хоёрдогч Монгол" хэмээн оруулсан нь маш том дутагдал юм. Мөн Монгол, Хятадад яригдах Ойрад аялагуудыг оруулаагүй байна.

Монгол хэлний аймгийг дотор нь ангилах оролдлого олон хийгдэж байсан тухай дурдсан билээ.

Juha Janhunen нарын The Mongolic Languages (2003) номонд Монгол хэлний аймгийн хэлүүдийг ангилсан түүхийг дурьдсаныг доор танилцуулъя. Энэхүү номонд БНХАУ-ын Ганьсу, Цчинхай мужуудад яригдах Цагаан Монгол, Дуншаан, Бонан, Шар Уйгур зэрэг хэлүүдийг хамтатган Ганьсу-Цчинхай комплекс хэмээн нэрлэсэн байх нь элбэг учир энэ жагсаалтанд ч мөн ийн тусах болов уу.

Руднев (1905)
  • Зүүн
    • Өмнөд (Ордос, Цахар, г.м)
    • Зүүн-Хойт (Хорчин, Харчин, Халх, г.м)
  • Хойт
    • Баруун Буриад
    • Зүүн Буриад
    • Барга
    • Дагур
  • Баруун
    • Ойрад, Халимаг (Торгууд, Дөрвөд, Өөлд, Хошууд, Хойт)
  • бусад (Могол, Ганьсу-Цчинхай комплекс)
Руднев мөн Хотгойд, Сартуул, Захчин болон бусад зарим аялагуудын шилжилтийн байдлыг дурьджээ.

Руднев (1911)
  • Хойт (Дагур, Буриад, Хорчин, г.м)
  • Төв (Халх)
  • Өмнөд (Ордос, Цахар, Харчин, г.м)
Энэ удаа Руднев Ойрад, Могол, Ганьсу-Цчинхай комплекс зэргийг Өмнөд бүлэгтэй холбон тайлбарлажээ.

Владимирцов (1929)
  • Баруун Монгол
    • Ойрад (Халимагийг агуулна)
    • Могол
  • Зүүн Монгол
    • Буриад
    • Барга
    • Дагур
    • Халх
    • Тулгуур Монголын бусад аялагууд (Ордос, Цахар, Харчин, г.м)
Санжиев (1952)
  • Хойт (Буриад)
  • Зүүн буюу Төв (Тулгуур Монгол)
  • Баруун (Ойрад)
  • Салангид хэлнүүдийн бүлэг (Могол, Дагур, Цагаан Монгол)
Поппе (1954)
  • Зүүн Монгол
    • Хойт (Буриад, Цонгоол, Сартуул)
    • Төв (Халх, Хотгойд)
    • Өмнөд (бусад Тулгуур Монгол аялагууд)
  • Баруун Монгол (Ойрад)
  • Ангид хэлнүүд (Дагур, Могол, Монгур)
Лувсанвандан (1959)
  • Хойт (Буриад)
  • Төв (Халх, Цахар, Ордос)
  • Зүүн (Харчин, Хорчин, г.м)
  • Баруун (Ойрад, Халимаг)
Лувсанвандан мөн Төв болон Зүүн, Төв болон Баруун, Төв болон Хойт бүлгүүдийн дундах завсрын аялагуудын тухай дурджээ.

Beffa, Hamayon (1983)
  • Хойт Монгол
    • Буриад
    • Сэлэнгийн Буриад (Цонгоол, Сартуул)
    • Шинэ Барга
    • Хуучин Барга
  • Төв Монгол
    • Халх
    • Цахар
    • Ордос
    • завсрын аялагууд
  • Зүүн Монгол
    • Зүүн
    • Дундад-Зүүн
    • Алс-Зүүн
    • завсрын аялагууд
  • Баруун Монгол
    • Илийн болон Халимаг Ойрад
    • Монголын Ойрад
    • Өвөр Монголын (Алшаа, Эзний) болон Хөх Нуурын Ойрад
  • Салангид аялагууд
    • Дагур
    • Могол
    • Шар Уйгур
    • Монгур
    • Бонан
    • Сант
Svantesson (2000)
  • Баруун (Могол, Сант, Бонан, Монгур)
  • Зүүн (Шар Уйгур, Тулгуур Монгол, Буриад, Хамниган, Дагур)
  • Ойрад
Janhunen нарын эл номондоо тус тусад нь тайлбарласанаар бол:
  • Тулгуур Монгол
  • Хамниган
  • Дагур
  • Буриад
  • Ордос
  • Ойрад
  • Халимаг
  • Могол
  • Шар Уйгур
  • Цагаан Монгол
  • Бонан
  • Сант
Энд Тулгуур Монгол гэдэг нь Монголчуудын эх нутаг бөгөөд Монголчуудын олноороо суурьшсан өнөөгийн Монгол Улс болон ӨМӨЗО гэх газар нутгуудад яригдах аялаганууд юм.

Энэхүү номонд Тулгуур Монголыг ийн ангилжээ:
  1. Жирим
    Хорчин, Засагт, Жарууд, Жалайд, Дөрбэт, Горлос
  2. Зуу Үд
    Ар Хорчин, Баарин, Онгинуд, Найман, Аохан
  3. Жост
    Харчин, Түмэд
  4. Улаанцав
    Цахар, Урад, Дархан, Муумянган, Дөрвөн Хүүхэд, Хишигтэн
  5. Шилийн гол
    Үзэмчин, Хуучид, Авга, Авганар, Сүнид
  6. Ар Монгол
    Халх, Хотгойд, Цонгоол, Сартуул, Дариганга
Номонд мөн тэмдэглэснээр налуугаар бичигдсэн аялагууд нь тухайн бүлэг дотроо хамгийн нөлөөтэй аялага юм байна. Тэгэхээр Өвөр Монголд Хорчин, Харчин, Цахар аялагууд нь өөрсдийн улс төрийн болон хэл-аялага шинжлэлийн бүлэгт нөлөөтэй хэлүүд болж чадсан бол Зуу Үд, Шилийн гол бүлгүүдэд үнэмлэхүй нөлөөтэй хэл байхгүй юм.

Ер нь Өвөр Монголыг нийтэд нь аваад үзэх юм бол Монгол Улст Халх аялага lingua franca болж байхад Өвөр Монголд голчлон газарзүйн тархацаар шалтгаалан ийм үнэмлэхүй нөлөөтэй аялага байхгүй юм. Эндээс бичлэгийн маань хоёрдугаар хэсэг буюу Монгол хэлний өнөөгийн байдал, ирээдүй эхэлж байна гэж уншигч та ойлгож болно.

Хэдийгээр Дундад Улсын засгийн газрын зүгээс Шулуун Хөхийн Цахар аялагыг улсын бүх Монгол үндэстний албан ёсны хэл болгон хуулинд заасан боловч энэ аялага нь харайхан Дундадын бүх Монголчууд дотор нэгдүгээр зэрэглэлийн нөлөөтэй хэл болж чадаагүй байна. Академичдийн голчлон хэрэглэдэг Латин хэллэгээр бол энэ аялага нь de jure буюу хуулийн хувьд албан ёсны болж чадсан ч, de facto буюу практикийн хувьд нөлөөтэй болж чадаагүй байна. Хэдийгээр эрт дээр цагаас Цахарууд нь улс төрийн өндөр байр суурьтай байсан боловч өнөөгийн байдлаар энэ аялагаар яригчдын тоо тун цөөн байна. Хамгийн олон хүн ярьдаг нь Хорчин аялагуу боловч хамгийн дорно зүгт байх учир давамгай хэл болоход туйлын бэрх.

Түгэж чадахгүй байгаан гол шалтгаануудын нэг нь мэдээж хэрэг Монгол үндэстний суурьшсан газарзүйн байрлал. Тэгэхээр одоо Өвөр Монголд нэгдмэл нэгэн Монгол аялага байхгүйн хор уршигийн тухай дурдья. Хэдийгээр газарзүйн саадаар бамбай барьж болох ч Дундад дахь Монголчуудын Монголын соёлын өвийн төлөө хийх үйл ажиллагаа бага байна гэж хэлж болох. Худалдааны сүлжээ, боловсрол гээд олон зүйлийг багаж болгон ашиглаад Монголчуудын хоорондын харилцаан дээр тулгуурлан Монгол хэлний идэвхтэй байдлыг хангаж болмоор. Иймэрхүү зүйл багассанаар бүс нутгууд дахь Монгол хэлний хэрэгцээ багасан илүү хэрэгцээтэй өөр бусад хэлээр орлуулах болжээ. БНХАУ-ын Зүүн-Хойт болон Баруун-Хойт нутгийн Монголчуудын эх хэлийг Нанхиад хэл оролж байхад, Төвийн бүсийн Монголчуудын эх хэлийг Төвд, Нанхиад хэл орлоод байна. Хэдийгээр ӨМӨЗО-ы зүгээс багш, сургагч нарыг дайчлан Манжуурын болон Шинжааны Монголчуудын эх хэлний боловсролд анхаарах ажил хийгдэж байгаа боловч энэ нь хангалтгүй байсаар.
Дундадын нийт Монголчууд маань эх Монгол хэлээ гадны өөр хэлээр солихоос өөрийн аялагаа Монгол хэлэн дотроо өөр аялагаар солихыг илүүд үзэх нь маргаангүй бизээ. Үүнийг би өөрөө ч Монгол хүн болохын тул бат итгэлтэй хэллээ.

Энэ бүх асуудлууд маань Өвөрлөгчдийн, цаашлаад Дундадын Монголчуудын нэгдмэл аялагатай болох шаардлагын тухай дурьдаад байгаа мэт болоод ирлээ. Тэгвэл нийт Монгол үндэстний нэгдмэл аялагатай болох илүү боломжтой бөгөөд ашигтай.

Хэлзүйч Svantesson нарын гаргаж ирсэн Монгол хэлний аймаг дотор Тулгуур Монгол бүлгийг ангилсан харьцангуй шинэ (2005) ангилалыг сонирхцгооё! Энэхүү ангилалдаа тэрээр улс төрийн болон овог аймгийн хилийг илүүтэй бага харгалзсанаа онцгойлон тэмдэглэжээ.
  1. Хойт Халх (1,5 сая)
    Төв Халх, Бруун Халхын хойт хэсэг, Дархад (20,000), Хотгойд, Өмнөд Сэлэнгэ "Буриад" (20,000)
  2. Өмнөд Халх (1,1 сая)
    Баруун Халхын өмнөд хэсэг, Говийн Халх, Зүүн Халх, Өмнөд Халх, Дариганга (40,000), Шилийн гол (50,000), Улаанцав (30,000), Сүнид (40,000)
  3. Өмнөд Монгол (350,000)
    Цахар (100,000), Үзэмчин (75,000), Хэшигтэн (20,000), Ордос (130,000)
  4. Найман (100,000)
  5. Зүүн Монгол (2,1 сая)
    Баарин (110,000), Архорчин (50,000), Их Мянган, Онгинуд (80,000), Харчин (350,000), Түмэд, Хүрээ (80,000), Монголжин, Хорчин (1,1 сая), Горлос (35,000), Хар Мөрний Дөрбэт (35,000), Жалайд (140,000), Жарууд (90,000)
  6. Урад (40,000)
Эндээс харахад Халх аялага, Хорчин (Зүүн Монгол) аялага гол өрсөлдөгчид болно. Цааш нь хийгдэх ажлын хувьд гэвэл мэдээж нэгдсэн нэгэн бичгийн хэл бий болгох тал дээр ажиллах хэрэгтэй. Ингэхээр боломжийн санаанууд бол Уйгаржин Монгол бичиг, Кириль, Латин гэсэн сонголтууд байна.