Wednesday, October 8, 2008

Монголын ард түмнийг өнөөдөр ч аймаглан хөнөөсөөр байна

Ашигт малтмалаа зөв эзэмшвэл Кувейт Катар шиг алт мөнгөнд умбаж шумбана.
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр тун сонин санал санаачилгуудыг дэвшүүлээд, хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Уншигчдад сонирхолтой байх болов уу гээд, сэтгүүлчтэй уулзаж ярилцав.

— “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн үүсгэлээ гэж та зарласан. Дэндүү олон хөдөлгөөн бий болоод байгаа юм биш үү? Та бүхний үйл ажиллагааны онцлог юу вэ?
— Шаардлагатай бол хэдэн ч хөдөлгөөн байсан яах вэ. Бид Монгол улс түмний сайн сайхан, Монгол туургатны нэгдэл нягтралын төлөө тэмцэнэ. Үндэсний үзлийг тугаа болгоно. Манай үндэсний үзэлт байгууллагууд “төрөө ард түмний тэмцлээс хамгаална”, “хөрш улсуудад болж буй үйл явдал бидэнд хамаагүй” гээд байдаг болоо юу даа. Бид бол төрөө жолоог нь булаасан зүй бус этгээдүүдийн үйлдлээс хамгаална, хөрш улсуудын монгол туургатны байдалд санаа тавина.
Бас хөдөлгөөн маань албан бус, сайн дурын чанартай. Нийтлэг үндэслэлүүдийг нь дагах нь гишүүн, ноцтой зөрчих нь гишүүн биш гэж тооцогдоно. Зарим хүн “ингэхлээр дураараа дургих явдал гарна” гээд байгаа. Хууль зөрчихгүй байх нь манай нэг нийтлэг үндэслэл.

— Зохион байгуулалтгүй бол хөдөлгөөн оршиж чадна гэж үү? Хүн ер нь дагах уу даа?
— Байнгын, нэгдсэн зохион байгуулалт байхгүй ч, хэсэгчилсэн, түр зохион байгуулалт байж болно. Тэгэхлээр зохион байгуулалтаар дутагдах гачигдах явдалгүй. Ард иргэд маань зохион байгуулалт хүлээгээд суугаад байх биш, өөрсдөө санаачилж, бүтээлчээр тэмц гэж дуудсан хөдөлгөөн л дөө. “Нэгдсэн Монгол”-д хүн бүхэн гол хүн байхгүй юу. Ийм албан бус, сайн дурын хөдөлгөөнүүд байсаар ирсэн.
Суудал ойр таарсан хэсэг балиашгийг аваад үзье. Тэд уухай хашхирч, үүргээ сайн гүйцэтгэлээ. Сая нийслэлд маань болсон боксын тивийн аваргад тэглээ ш дээ. Тэдэнд байнгын удирдлага, зохион байгуулалт гэж огт байгаагүй. Юм ийм л байдаг байхгүй юу.
Хүн дагахгүй байсан ч санаа зовох юм алга. Би ганцаараа байсан ч болно. Манайд мянга мянган даган баясагчтай гэгдсэн атлаа, ганц хоёр л гишүүнтэй хөдөлгөөн зөндөө л байдаг. Үнэн шүү дээ.

— Та уугуулшууллын, элэгшүүллийн гэсэн хуулийн төслүүддээ монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, иргэн болгох санаа гаргажээ. Хэрэв бүтэж гэмээнэ, хоорондоо таарч тохирохгүй, бөөн зөрчил үүсвэл яах вэ?
— Төрийн мэргэн бодлого явуулж, монгол туургатнаа ойртуулах, нэгтгэж нягтруулах хэрэгтэй. Энэ талаар би “Засгийн газрын монгол туургач концепци”-доо дэвшүүлчихсэн.
Өвөр монголчуудад дургүй хүмүүс байдаг юм билээ. Цаадуул нь ч дарлалаас болоод сонин сонин болсон байдаг. Гэхдээ манайхан илүү сайн сайхнаараа даваад давамгайлаад байгаа юм нэг их байхгүй ш дээ. Өнөө цаг бол монголчуудын их уналтын үе юм. Нийлж нэгдээд, гүн ангалаасаа гарахаа бодох хэрэгтэй. Юун бие биенээ элэглэх шоолох манатай вэ. Өвөр монголыгоо голоод чамлаад байвал хужаа ах нартаа л бяц тэврүүлнэ дээ, өөр яахав.

— Эдгээр хуулиудыг ашиглаад харин хужаа нар цувах биш үү.
— Энэ төслүүдээс болж хужаа цувахгүй, тийм зорилго ч тавигдахгүй. Монголчуудыг авчрах хуулийг хужаа цувуулах хууль болгон завхруулах этгээдүүд, цагаачидтай л яаж тэмцэх вэ гэдгээ бид бодоод, зэхээд сууж байна. Хууль бус цагаачлалтай тэмцэж сурцгаая. Тэгвэл бүх юм болоод явчихна. Бидний энэ төслүүдийг хууль бус цагаачлалтай холбож үзээд байж болохгүй.
Одоо тэр сонин хэвлэлд, 800 мянган хужаа ороод ирчихсэн, үлээхэд нурах барилга бариад, алт олборлох нэрээр хөрс хордуулаад, ямаа үржүүлэхийг уриалж хөдөө нутгийг цөлжүүлээд, туслах малчин болж хүргэн ороод, эрчүүдийг нь нийлж балбаад, эмсийг нь нийлж самууруулаад, өөр яасан ч гэнэв, юм болоод байна гэж бичээд байна шүү дээ. Үүнтэй холбож үзвэл зохистой.
Эртүүд ТВ-ээр монгол барилгачид “Бид туршлагатай ажилчид байж, ямар ч мэргэжил дадлагагүй траншейний гуйлгачин хужаа нараас 5 дахин бага цалин авч байна. Тэр хужаа нарыг манай компани дээд зэргийн хангамж, хоол, нөхцөл, хувцас, хөдөлмөр хамгаалалтаар үнэгүй хангаж, дээрээс нь 1000 долларын цалин өгч, аль амар ажлыг хийлгэж, жаргааж байна. Бид хамаг хэцүү хүнд, муу ажлыг нь хийж, хужаа нарын боол, доог тохуу нь болж байна. Цалингийн маань хагас ажлын зардалд явчихдаг, тэгээд бас цалингаа өгөхөө ч болилоо. Харин энэ хужаа нар 1000 долларын нэгийг нь ч хэрэглэлгүй нутаг руугаа явуулж, байрны мөнгө хийж байна. Бид хаясан бээлий, хувцсыг нь өмсдөг” гээд л, бараг хаясан өвдөл цөвдлөөр нь хооллодог ухааны юм ярьж байсан. Хууль бус цагаачлалыг ийм зүйлтэй холбож үзэх хэрэгтэй.
Хууль бус цагаачид Монголыг эзэлж авчээ. Үүний эсрэг тэмцэхийг ард түмэндээ уриалцгаая.

— Геноцидийн тухай хуулийн төсөл тань их аюултай санагдаж байна…
— Аюултай биш ээ. Орос, Хятад хоёр чинь, гайтай Сталин, соёлын хувьсгалчид манай орны бүх ард иргэдийг геноцидлэсээн гээд зарлаад байдаг байхгүй юу. Тэрэн дундуур нь ороод л, монгол туургатны геноцидээ хүлээн зөвшөөрүүлчих хэрэгтэй. Одоо чинь олон түүхэн момент бүрдээд байна.

— Ийм хууль ямар ашигтай юм бэ?
— Геноцид ашигтай гэх нь хаашаа юм бэ дээ. Хэлмэгдэж хохирсон ахан дүүсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх хүний ёсыг бид дагах учиртай юу, учиртай. Бас түүхэн үнэнийг мэдэж, нэгдэж нягтарч, хүчжиж явахгүй бол ингэж геноцидлүүлдэг юм байна шүү гэдгийг таньж авахад тустай. Ерөөсөө амьд явъя, алтан аяганаас ус ууя гэвэл геноцидийн аюулыг заавал мэдэж байх шаардлагатай. Мэдээгүйгээс болж, шуурганд уруудсан хонь шиг явах нь их болж байна. Одоо ч геноцид үргэлжилж байгааг анзаарахгүй, нядлуурын цаана тавьсан сүрэл рүү хурдлах нь түгээмэл ажиглагдаж байна. Ганц л жишээ хэлэхэд, монголчуудыг амьдрах аргагүй болгон хөөж тууж, хаа сайгүй л “манайхаас ажиллах хүч ав, визгүй болго” гэж хөөцөлдөж байгаа хэрнээ, хууль бус цагаачдыг мянга мянгаар нь оруулж, мянган доллараар даллаад байгааг геноцид гэхгүй, юу гэх вэ.

— Ашигт малтмалын автарки гэдэг нь юуг хэлсэн санал вэ?
— Автарки бол өөрөө бүхнийг хийх, бие даах, асуудлыг гартаа баттай атгах гэсэн утгатай эдийн засгийн нэр томъёо. Ашигт малтмал өөрөө бэлэн хөрөнгө оруулалт хэвтэж байгаа учир автарки хийх боломжийг олгодог. Монголчууд уул уурхайн боловсон хүчин, ажиллах хүч, ашигт малтмалыг барьцаалсан зээл, гаднаас хөлслөгдөх тэргүүний мэргэжилтэн, компанийг ашиглаад, өөрсдөө ашиглаад, эзэмшээд, тэр Кувейт Катар шиг алт мөнгөнд умбаж шумбах бүрэн бололцоотой. Тийм хуультай болъё гэж уриалсан.

— Төрийн хас сүлд гэдэг ойлгомжтой. Улс, үндэстэн, парламентийн нэрийн тухай саналаа танилцуулна уу?
— Улсаа Төв Монгол Ард-Улс гэж нэрлэе гэсэн л дээ. Төв Монгол гэдэг нь “бүх Монгол биш, төв хэсэг нь л ингээд улс болоод байж байгаа юм шүү, шударга ёс хаана байна вэ?” гэсэн утгыг сануулах гэсэн зорилготой юм л даа. Хүн амаар ч юм уу, ямар нэг байдлаар бүх монголчууд бүрэн нэгдтэл түр ингэе гэсэн шүү дээ. Гэтэл намайг хайран улсаа яйран болгов гэж буруутгаж байгаа. Яйран болгосон юм алга аа. Харин Ард-Улс гэдэг нь республика-г ингэж орчуулбал зохистой гэсэн юм.
Албан бичиг дээр монгол гэж бичиж болдоггүй, халх дүрвэд гэж ястнаа бүртгүүлдэг нь, бид албан ёсоор монгол, үндэстэн биш юм шиг байгаа байхгүй юу. Албан баримтад монгол гэсэн үндсээ бичиж хэвших саналыг дэвшүүлсэн юм.
Парламентийн тухайд бол Их Хуралдай гэвэл зохистой. Ер нь би moenhbayar.blogspot.com-д санал, төслүүдээ тавьж, олны хүртээл болгож байгаа. Бас төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нэрт зүтгэлтнүүд, ТББ-уудад өргөн барьж эхэлсээн.

— Та “Монгол Омен” роман бичсэнээ хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан. Тэр роман санал санаачлагуудтай тань холбоотой юу?
— Шууд холбоотой биш л дээ. Монгол оронд чөтгөрийн хүү ландрам мэндэлж, гай түйтгэр тарьж буйг бичсэн. Гэтэл тэр гай түйтгэр нь өнөөгийн бодит байдал байх жишээтэй. Ер нь бодит явдлуудаас сэдэвлэж бичсэн шүү дээ. Бас ард иргэдийг нөхцөл байдлыг ухамсарлаж, Монголынхоо сайн сайхны төлөө тэмцэхэд уриалсан. Тийм болохоор шууд биш ч гэсэн, холбоотой байгаа юм.

Ярилцсан Б.Ойдов
"Ноцтой мэдээ", 2007 он, №30 (304).

No comments:

Post a Comment