Monday, October 20, 2008

Хазара Монголчууд гэж хэн бэ?

Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгvй л явж. Харин хоёр жилийн ємнє ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхvv євєрмєц хувь заяатай хvмvvсийн талаар илvvтэйгээр сонирхох эрмэлзлэл тєрvvлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бvлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бєгєєд 1.86 см орчим єндєртэй, бухан эрээн нvдтэй, vс сахал болсон "сvрлэг" эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зєвлєлтийн Цэрэг Афганистанд орох vед Америкт дvрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хvн амын ихэнхийг эзэлдэг гэх Пvштvн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж єєр єєрєєр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: "Єє, чи бол яг л Хазара байна" гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хvмvvс шvv дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал vvслийн талаар тvvний хэлсэн нь vнэхээр тийм ч хол зєрєєтэй vг биш бололтой.

Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л vл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж тvvний энэ хандлага миний сониуч занг зvй ёсоор татаж байв. Хазара хvмvvсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ тvшиглэн, би тvvнтэй зарим vед яриа дэлгэж бага багаар Пvштvн Хазар гэх хоёр єєр vндэстнvvдийн зєрчлийг яриулж аль болох их зvйлийг мэдэхийг оролддог байв. Гэсэн хэдий ч хувийн харьцааны хувьд бид хоёр бие биендээ тєдий л сайнгvй байв. Уг нь нэг их сvртэй биш л дээ, "чи єнєєдєр яасан их гангараа вэ" ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд vл зохицолдох зvйл хэлэх, эсвэл асуусан асуултанд vл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргадаг байсан юм. Ер нь иймэрхvv vл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгvй єнгєрєєж болох л доо. Хамгийн гол нь тvvний зvгээс надад хандах иймэрхvv харьцааны vндэс шалтгаан нь ердєє л би Монгол (Хазара) хvн байсанд л байсан юм. Чухам энэ л асуудал надад нэг жаахан "юм" бодогдуулаад байв.
Ажилд ороод удалгvй зохион байгуулалтын єєрчлєлт орж ажил vvргийн хувьд Даууд надаас зарим талаар хамааралтай болов. Мань хvн vнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангvй, тиймээс ч манай босс тvvний ажлыг ихэд голдог байв. Хэдийгээр би хvнд муугаар хандья гэж бододгvй тvгээмэл, Монгол "тэнэгдvv" зантай нэгэн боловч, энэ удаа би тvvний тэр vл тоомсорлох гэсэн єчvvхэн оролдлогыг нь дарахаар шийдэж надааар дамжиж ирсэн Дауудын ажлуудыг шалтаг олон голж буцаан босс-доо давхар мэдэгдэж и-мэйл явуулдаг болов. Мань хvн ч даргаас хэд хэдэн удаа банга хvртэж эвгvй байдалд орсон бєгєєд би далим гаргаж тvvний єрєєнд нь нэг удаа орж хаалгыг нь хааж байгаад "Чи жаахан аятайхан байгаарай" гэж хэлээд ажил тєрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч тvvнд сануулга єгсєн юм. Vvнээс хойш Даууд байдлыг ойлгож надтай маш эеэлдэгээр харьцдаг болсон юм.

Єнгєц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггvй хоёр нєхєрийн зєрчилдєєн мэт боловч vнэндээ тийм биш, нэлээд гvн гvнзгий агуулгатай, Пvштvн Хазара хэмээх хоёр vндэстний гvнзгий зєрчилдєєний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ.

1890 он орчмоос Хазара vндэстнvvд Афганистаны засгийн эрхийг барих Пvштvнvvдэд бvх эрх мэдлээ алдан боолчлогдсон бєгєєд, єнєєг хvртэлх 110 гаруй жилийн турш дарлал доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод єртсєєр иржээ. 21 зуун, 2008 он гэх єнєє vед ч ихэнх Хазара нарын хувьд єнєєгийн нийгмийн “боолын” гэж болох хєдєлмєр эрхлэн амь зогоох нь сонголтгvй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Пvштvн Хазара нарын хооронд зєвхєн “эзэн, албат” - ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв.

Хэдийгээр Америкт багаасаа єсч боловсрол олсон боловч Даууд яг л тэр Афган сэтэгэхvйнийхээ єнгє аясыг энд Монгол хvнд гаргах гэсэн нь vнэхээр тэнэгдvv оролдлго бєгєєд vvнийг тэдний зvгээс Хазара хvмvvсийг хэрхэн vздэгийн илрэл гэж vзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хvн л харах юм бол ингэж vл тоомсорлон харьцах нь зvгээр л "сураар боож болдгvй сурсан зан" байсан байх л даа. Харин энэ удаа Дауудын аз дутахад, тvvнтэй таарсан Хазара нь нэн зєрvvд мугуйд нэгэн Монгол байсан ба vл хvндэлсэн асуудлыг зvгээр нэг анзаараагvй мэтээр єнгєрєєдгvй байх нь гэдгийг тэр ойлгосон юм.

Ингээд би энэ нийтлэлийнхээ vндсэн агуулга болох Хазара хэмээх євєрмєц бас єрєвдєлтэй хувь заяатай ард тvмний талаар товчхон єгvvлье.

Олны дундах тvгээмэл ойлголтоор бол Афганы тєвєєр нутагтай Хазара хэмээх энэхvv Ази тєрхтэй хvмvvс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын vеэр дундад Ази, Перст (Иран) vлдсэн Монгол гаралтай хvмvvс ажээ..

Эдгээр хvмvvсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгvй бєгєєд энэ нь харьцангуй цєєн тоотой, улс тєр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал оршин тогтож буй эдгээр хvмvvсийг vл хайхрах, тэднийг бусдын нvднээс далд байлгах, тvvх гарал vvслийг нь мартагнуулах гэсэн эрх зvй эдийн засаг, уламжлалын сонирхол бvхий Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, тєлєвлєгєєт бодлогын хэрэгжvvлэлт юм.

Дундад ази, ойрх дорнодоор тархан суурьшсан єндєрдvv хамартай, бухан эрээн нvдтэй, vс сахал болсон нєхдvvдээс Монголжуу дvр тєрхєєрєє эрс ялгарах Хазара нарын гарал vvслийн талаарх судалгаа нь vндсэндээ хоёр чигийг заадаг аж. Vvнд:

1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын vеэс vлдсэн цэргvvдийн удам. Хазара хэмээх vг нь Мянга гэсэн Перс vг бєгєєд энэ нь Монголын армиас тухайн vейин Хорезмийн нутагт vлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын vзэж буйгаар Хазара нь Монгол Тvрэг угсааны хvмvvс аж.

2. Одоогоос 2000 гаруй жилийн ємнє одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дvр тєрхтэй хvмvvсийн Кушан хэмээх гvрэн оршин тогтож байсан бєгєєд, эдгээр хvмvvсийн удам угсаа нь 13 зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара vндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамяьанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хєшєєг устгасан бєгєєд учир нь энэ хєшєє Хазара хvнтэй тєстэй байснаас болсон гэдэг.

Юутай ч гэлээ єєрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зvйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хvн амын ихэнхийг эзэлдэг Пvштvн, Тажик нарт "гадныхан" хэмээн хавчигддаг тэд єєрсдийгєє нутгийн уугуул иргэд гэж vзэх vндэслэл бий болгодог хэрэг. Сонирхолтой нь, Афганистаны тvvхэнд Пvштvн vндэстнvvд нь бvvр сvvлд 18-р зуунаас эхлэн ємнєєс зvгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нvvдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж.

Хазара Хэл

Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бєгєєд, перс, Монгол, Турк vгсийн нєєцєєс бvрдсэн євєрмєц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Vнэн сонинд мэдээлсэнээр ("Хальмг Yнн" № 66-67 (14286-14287), 03.04.2003) Зєвлєлт Афганы дайны vед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нєхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бєгєєд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогvй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, бас єєр нэгэн тєс бvхий нийтлэл Оросын "Незавысимая Газета" сонинд гарсан байсныг би уншиж байсан. Хазара хэл нь хэл судлаачидын хувьд vнэлэшгvй олз бєгєєд, чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хvнтэй захидлаар харьцдаг байсан бєгєєд тvvний хэлж буйгаар 1990 оны эх хvртэл Афганистаны Херат уулын бэлээр яг Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бvл байсаар байсан гэж хэлж байсан. Миний бодлоор бол эдгээр хvмvvс одоо болтол байсаар байх боломтой бєгєєд, тэднийг олж 13 зуунаас хойш нэг их єєрчлєгдєлгvй vлдсэн байж болзошгvй тэр эртний Монгол хэл, соёлыг нь судлах нь нэн сонирхолтой бєгєєд чухал асуудал юм.

Хазара Шашин

Хазара нарын ихэнх нь лалын шашны шиа урсгалыг шvтдэг бєгєєд, энэ нь Афганистаны бусад ихэнх vндэстнvvдийн шvтдэг Суни урсгалтай зарим талаар зєрєлддєг аж. Пvштvн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжvvлэхдээ Хазара нар буруу шашинтай "шиа" нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.

Хазара Газар Нутаг

1880-аад оныг хvртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Пvштvнvvдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж, єєрсдєє Афганистаны уулархаг vржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор тvрий барих Пvштvн vндэстнvvдээс Хазара нарын газар нутгийг булаан авах явдал vргэлжилсээр байгаа ба яг єнєєдєрийн байдлаар Пvштvний Кучи (Kuchi, Koochi) овгийн нvvдэлчид Хазара Бэсvvд овгийн нутагт тvрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж, зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мєргєлдєєн болсон байна.


Хазара Хvн Ам

Хазара хvн амын тоо нь яг тодорхой бус бєгєєд, улс тєрийн шалтгааны улмаас Афганистаны хvн амын 8-9% гэгддэг байсан боловч яг vнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хvн бий гэж vздэг аж. Vндсэндээ Афганистаны тєв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсvvд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг.

Хэл, угсаатны зvй судлаачидын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билvv:-) ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд vзэх миний мэдлэг хvрэхгvй нь харамсалтай.

Хазара гэж нэрлэгддэггvй боловч, Хазарануудтай нэг тєрєл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай хvмvvс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын vзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Пvштvн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Пvштvн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бvгдийг нь Хазара гэж дуудахгvй харин єєр єєр нэрээр нь дуудах болсонтой холбоотой гэнэ.

Юутай ч гэлээ, судлаачидын vзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дэх Ил хааны хэмээх, Толуйн хvv Хулэг хааны Монголчууд, мєн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бvрдсэн бололтой.
bm

Мэдээллийн эх сурвалж: www.olloo.mn

No comments:

Post a Comment