Monday, October 20, 2008

Тэд өглөө бүр Монголын зүг цайны дээжээ өргөдөг

Түвдийн өндөрлөгт Цайдамын зэрэглээн дунд Ар монголоо санагалзан суух Дээд Монголчуудтай уулзаад ирсэн “МОНЦАМЭ-гийн мэдээ” сонины эрхлэгч Б.Зандан-Хүүтэй ярилцлаа. (ARCHIVE)
- Монголчууд холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг. Ямар зорилгоор аль нутгийг зориод ирэв?
- Эрээн, Хөх хотоор дамжин Гүмбэн, Ланжу, Голмууд, Лхас, бидний элгэн садан Дээд монголчуудын нутгаар аялаад ирлээ.
Энэхүү аяллаа нэгтгэн хэлбэл дөрвөн мянган гаруй км зам туулаад монголынхоо ирээдүйд очоод ирлээ гэхэд болох юм даа.
- Яагаад Монголын ирээдүйд очоод ирсэн гэж вэ?
- Нэгэн цагт Дөрвөн Ойрдын голлох аймгуудын нэг болж хүчирхэг явсан Хошууд аймгийн үр хойчис Дээд монгол хэмээн нэрлэгдэн Хөх нуурт амьдардаг. Тэд Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу, Сигуан, Шинжан, Түвд зэрэг дөрвөн мужийн дунд орших Цинхай буюу Хөх нуур мужид Түвд хятад болон Хасаг, Хотон, Салар зэрэг лал шашинтнуудын дунд байдаг хэдий ч үндэсний өв соёл, эх хэлээ өнөөг хүртэл хадгалж үлдэж чадсан нь гайхмаар. Харин сүүлийн жилүүдэд Хятад, Түвдүүдэд шахуулсаар газар нутаггүй шахам болж залуучууд нь улам бүр хятад болсоор л байгаа гэнэ. Гэтэл өнөөдөр монголд гэсэн бид ч хятадуудад ажлын байраа алдан өнгөтэй өөдтэй газраа лиценз нэрийн дор өгч өдөр ирэх тусам хятадуудын үл анзаарагдам түрэмгийлэл төр нийгмийг маань аалзны тор шиг хэрсээр байгааг бид яагаад анзаарахгүй байна вэ. Хэрэв бид энэ хэвээрээ цаашид байх юм бол тэднээс нэг их дутахааргүй болох вий дээ гэсэн бодол төрснийг нуух юун. Үүнийг мэдье, мэдэрч үнэн бодит төрхөөр нь харья гэвэл тэнд очоод үзэхэд гэмгүй шүү. Магадгүй хожим тэдний энэ байдал бидний амьдрал болж мэдэх юм. Харин тэд азтай. Бас чиг биднийг хараад горьдлого тээж амьдардаг. Харин бид тийм болбол монгол үндэстэн харах ч зүйлгүй болно доо.
- Дээд монголчууд маань бидний тухай мэдэх юм уу?
- Мэдэлгүй яахав. Бүр биднээс илүү монголын ирээдүйн төлөө сэтгэл зовниж санаж сарвайж явах Монгол Улс минь хятадын нөлөөнд орчих вий гэж эмзэглэдэг юм билээ. Өглөө болгон Монголын төлөө цайныхаа дээжийг өргөж тэр зүгт бидний, миний, та бидний Монгол Улс бий гэж үр хойчдоо захидаг юм билээ. Бүр хойд насандаа ар монголдоо хурга болж төрөөд ирэг болон идүүлж жаргах юмсан гэж гээч.
- Тэгэхээр тэд эх түүхээ бас чиг сайн мэддэг байх нь ээ?
- Хэдийгээр арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулчихаад хар цай ууж суудаг ч гэсэн Халхын түүхийг хоолой зангируулан хүүрнэж суух нь өрөвдөлтэй. Хэдийгээр тэнд хямдхан аваад өмсөх хятад хувцас элбэг ч хэдэн зоосоо цуглуулан ам давуу авч монгол хувцсаа л хийж өмсцгөөх. Болж л өгвөл Монгол гэсэн бүхнийг наашаа гээд сарвайдаг хэдэн хүн тэнд байна даа.
- Гэхдээ л тэд хятадын соёлын түрэлтэд багагүй өртсөн байгаа байлгүй?
- Харин ч үгүй шүү. Ямартай ч тэд өнөөг хүртэл өөрсдийнхөө хэмжээнд түүх, соёл, зан заншил гээд Монгол гэсэн бүхий л зүйлээ хадгалж ирсэн. Сүүлийн жилүүдэд залуучууд нь хот суурин бараадаж соёлжих болсноор хятад аюул нүүрлээд байгаа талаар сэтгэл зовнин өгүүлцгээж байна лээ. Хятад сургуульд хятад хэл сурна гэдэг нь зайлшгүй хятад хүн болгох аюултай гэх юм билээ.
- Хэлийг нь сураад хятад болчихно гэж үү. Манай монголчууд чинь хүүхдүүдээ хятад, монгол хос хэлтэй хүн болгоно гээд л урд хөрш рүү явуулаад байдаг шүү дээ?
- Манай монголчууд чинь хятад хүн гэхээр ярвайдаг. Тэгсэн атлаа хятад хоол идээд, хүүхдээ хятадаар яриулж сургана гээд өрсөлдөцгөөнө. Хятад хэл гэдэг бол сэтгэхүйн хэл юм байна л даа. Бүр хятад хүн шиг хооллож, хувцаслаж, унтаж сэрж, өөрөө хятад хүн шиг болж байж л хятад хэлийг сурдаг аж. Тиймээс тэнд буй дээд монголчууд яг л ах нь дүүдээ захиж байгаа юм шиг “Монголчуудад, хятад хүнийг үүдээрээ бүр оруулж, хэлийг нь бүү шүтээрэй” гээд байхав. Гадаад хэл сурах нь суралгүй л яахав. Гэхдээ монголоороо үлдэхийн тулд болж өгвөл энэ тал дээр анхаарал хандуулалгүй орхиж болмооргүй л юм шиг санагдсан даа.
- Тэд Ар монголд ирж үзэхийг хүсдэг болов уу?
- Тэдний ганц чин хүсэл, амьдралын зорилго энэ гээд хэлчихэд болно шүү. Бидэнтэй танилцсан Са.Мөнхнаран замаар гарахдаа заавал гарцаар гарч юмыг хийхдээ маш болгоомжтой ханддаг. Яагаад гэхээр зуурдаар л үхчихгүй бол заавал ар монголдоо нэг очиж үзнэ гэх. Улаантуяа гэгч бүсгүй Монголд хятад байхгүй гэхэд, “Ай бас сайхан аа. Арван хэдэн жилийн өмнө байдаг уу. Ар монгол Өвөр монголыг авахгүй зөвхөн энэ Хөх нуурын монголчуудыг авчих санаа байсан. Хятад өгсөнгүй гэсэн яриа гарсан манууст. Аяа Ар монгол улс мануусыг авчихсан байсан бол гэж бид харамсдаг. Хятадыг зүхэж байна. Биднийг одоо тануус авах болов уу” гэж асуухад нь миний хамрын үзүүр борхироод хариу хэлж чадаагүй шүү.
- Тэдэнд бидний тухай мэдээлэл хэр байдаг бол?
- Ер нь бага юм билээ. Хятадууд тэднийг аль болох тараах, уусгах л бодлого баримталдаг. хятадын Засгийн газраас бүгдээрээ адилхан тэнгэрийн нарыг тэгш харж амьдрана ч гэх юм уу цөөнх үндэстэнүүдийг тэтгэнэ гэсэн сайхан уриа дуудлагатай арга хэмжээнүүд нь уусгах, устгах бодлогыг л хэрэгжүүлдэг гэхэд болно. Гэхдээ өв соёлоо авч үлдэх гэсэн залуучууд сүүлийн үед бий болж, энэ талаар багагүй ажил хийж байгаа юм билээ. Тэдэнд гагцхүү дэмжлэг урам л дутаад байх шиг санагдсан шүү.
- Яаж дэмжих гэж?
- Дэлхийн олон улсууд зөвхөн улс доторх ард иргэдээ тэтгээд зогсохгүй гадаадад буй угсаа нэгтнээ ч өмгөөлөх, хамгаалах дэмжих бодлого баримталдаг. Харин манай улсын хувьд энэ тал дээр төрийн бодлого байдаггүй юм уу даа гэсэн харуусал төрсөн. Бид зөвхөн өөрсдийгөө бодоод зогсохгүй гадаадад байгаа монгол угсаатнууддаа туслах, дэмжих тэднийхээ эрхийг хамгаалуулах талаар олон улсын байгууллагад яагаад хандаж болохгүй гэж. Ядахнээ, урлаг соёлын тоглолтыг тэднийхээ дунд зохиож, сэтгэл, оюун, санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Тэд биднээс мөнгө, эд хөрөнгө гуйгаагүй. Зөвхөн биднийг санаж, сарвайж яваасай л гэж хүсдэг юм билээ.
- Тэгэхээр тэдний төлөө бид яах гэж?
- Бид дотогшоо хумигдах биш гадагш тэлэх, биднийг тойроод монгол гэсэн дархлааг бий болгох хэрэгтэй юм гэдийг л мэдэрсэн гэх үү дээ. Бид тэднийг дэмжье тэтгэе. Монголоор нь байлгая. Хожим тэд биднийг аврах цаг ч ирэх юм билүү. Тэд монголоороо ярьж, монголоороо бичдэг. Үүгээрээ ч бахархдаг. “Ахиад нэг Чингис төрж Монгол нэгдээсэй” гэсэн хүслийг тэд тээдэг. Харин бид тэднийг түүхийн жимээр мартаад улам л алсраад байна уу даа л гэж бодсон.
- Энэхүү аялал цаашид үргэлжлэх үү?
- Тиймээ бид энэ замыг улам тод болгож тэнд байгаа монголчууддаа урам хайрлахын тулд хойтон дахиад явна. Тэнд Ар монголоос хүн ирлээ гэхэд бурхан ирсэн чинээ баярлаж, хүндэлдэг. Энэ бол тэдний хувьд хамгийн мартагдашгүй баяр, жаргал нь байдаг. Тиймээс манай урлаг соёлынхон, томоохон аялал жуулчлалын газар, компаниуд тэнд байгаа цөөхөн монголынхоо төлөө сэтгэл гаргаж, дэмжин тусалж, монголчуудтайгаа ойр дотно болоход нь туслаасай гэж хүсэх байна. Монгол хүн гэсэн омогшлоор бид биш тэд илүүтэй бахархаж, бардамнаж амьдардаг юм билээ. Бидэнд тэднээс сурах юм их бий. Харин тэдэнд төрөл садан нь л хэрэгтэй байгаа юм шүү гэдгийг л хэлье дээ.

Зууны Шуудан

No comments:

Post a Comment