Monday, October 20, 2008

Алтайн магтаал

Монгол ардын баатарлаг тууль хайлах явдал тогтсон тодорхой дэг журамтай байдаг. Энэ нь нэг талаас туулийн эртний уламжлал, нөгөө талаас зан үйлийн чанартай нь холбоотой гэж үзэж болно. XIX зууны үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэлх үеийн нэрт туульчдын хувьд тууль зөвхөн урлагийн бүтээл байхаар зогсохгүй тууль хайлах нь хайлуулж байгаа айлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд заримдаа тухайн айлд туссан бэрхшээл зовлон арилгахаар туульчийг дуудан тууль хайлуулдаг байжээ. Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно.
Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэж хэлнэ. Бас туульчийн газар нутгаас шалтгаалан зарим нь Алтайн магтаалыг “Алтай хайлах”, “Туулийн оршл магтаал “, “Алтайг магтах”, “Баян Алтай”, “Алтай уулын магтаал” зэрэг янз янзаар нэрлэж зарим газарт харин “Алтай Хангайн магтаал”, Хангайн магтаал”-ыг хайлдаг. Мөн магтаал гэдгийг “тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг” гэж Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нар Монгол ардын аман зохиол , 1988 (2) гэсэн номдоо тодорхойлсон байдаг. Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг. Үүнд Алтай хайлах хоёр янзын хоолой байдаг бөгөөд “өндөр хоолой” гэдэг нэг дээр нь дуугаа маш түрэлттэй гаргадаг учир туульчаас хүч их шаарддаг байхад “нам хоолой” гэдэг нь энгийн дуулах байдалд илүү ойролцоо бөгөөд хайлахад биед арай амар байдаг ажээ.

Алтайн магтаал
Мөнх цасан эхтэй.
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй.
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй.
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар.
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй.
Хур цэцэгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад.
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад.
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад.
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь.
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд.
Аливаа загас нь цэнгэлдсэн.
Хамр дээрээ хаваржаатай.
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай.
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу дээрээ намаржаатай.
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй.
Өвлийн гурван сар нь онтэй
Арвин их тал нутаг минь.
Алтан тариа халиуран найгасан.
Жирийсэн сайхан дардан замаар нь.
Жингийн олон тэмээ нь цувсан
Бүх баялгаа чимэгдсэн.
Буурал олзийт Алтай минь

No comments:

Post a Comment