Friday, October 10, 2008

Түүхийн ном уншаад бичсэн шүлэг

Мөнгөн баавартай эмээл дээр төрж
Мөдхөн буцахдаа ч эмээл дээр бөхөж
Гэртээ багтахгүй дэлхийд сагасан
Гэрэл харанхуйн бурхад явсан өвгөд минь

Хүн чулуунд хатуугаа үлдээсэн
Хүүхдийн даахинд зөөлнөө үлдээсэн
Хүндэт өвгөд минь

Та нарыгаа би
Олон олон ном онгичоод онгичоод олсонгүй


Түрэмгийгээн дуудуулсан та нарын
Түлсэн унтраасан галын тооцоо
Түмний садарсан цус,
Түр ч сэврээгүй нулимс
Түүхийн номонд байсангүй.


Уг нь би та нартайгаа уулзана гэж бодсон юм.
Уншсан номноос минь
Унасан морины чинь хөлс ханхалж
Уухайны чинь дуу хангинана гэж бодсон юм.


Хоорондуур минь худалч нар
Ховын хар хөшгөө татаж
Хон хэрээний өнгөөр нэрийг чинь буджээ.
Одоо болтол хойноос чинь шороо цацдаг европ
Охидоо өвөрт чинь хийж алтаа бэлэглэдэггүй байсан юм шиг
омогт өвгөдийг минь уурлуулж байж
оройдоо хэрээстэй хотуудаа галдуулж
Сүлдэт чингисийн элчийн амийг
Сүүлд нь тивээрээ нийлж төлөөгүй юм шиг

Ниргэсэн хойно нь мэлхийчлэн хашгирч
Нисээд явчихсан улсыг харааж байна.

Буудайны илжиг эмээлээсээ булгих шиг
Бурхан харсаар байтал хэнэгчгүй залах энэ хүмүүсээс хэн нь чухам
Тэнгэрт очиж миний өвгөдтэй уулзсан юм бэ

Аалз мэт газрын жаахан хүмүүн чи
Алтан өвгөдтэй минь тэрсэхийн хэрэг юусан билээ.

1 comment:

linhua said...

Ёстой гоё шүлэг байна. Үнэн үгтэй юм байна. Амжилт хүсье:-)

Post a Comment