Friday, October 10, 2008

Монголчуудын дараах дэлхийн шинэ дэг

Бид энэ дугаартаа Баабарын "ХХ зууны Монгол, нүүдэл суудал, олз гарз" номын хэсгээс тавьж байна. Зохиогч анх хоёр боть, таван бүлгээс бүрдсэн Монголын түүхийн ном бичихээр төлөвлөн эхний гурван бүлэгт нэгдүгээр ботио хэвлүүлж олны хүртээл болгосноос хойш найман жил гаруй өнгөрчээ. Энэ хооронд уул ном чамгүй олон мянган хувь хэвлэгдсэн боловч тэр дороо борлогдон дуусаж ховор барааны нэг болжээ.

Гадаадын олон хэлээр орчуулагдсаны дотор зөвхөн англи хэлээр 7- 8 дахиж хэвлэгдсэн байна. Дэлхийн аль ч номын санд очсон Баабарын "ХХ зууны Монгол" ном Монголын тухай эхний хэрэглээний сурах бичиг болжээ. Гадаад ертөнцөд түгсэн байдлаараа Монголын утга зохиолоос "Нууц товчоо"-ны дараа орж байна гэсэн дүгнэлт ч гарчээ.

Зохиогч одоо номынхоо II дэвтрийг бичээд дуусаж байгаагаас гадна эхний нэгдүгээр ботио дахин дахин янзалж шинэчилжээ. Номыг анх 1907 оноос Үндсэн хууль баталсан 1992 он хүртэлх хугацааг хамруулж бичихээр зорьж байсан бол одоо Монголын бүхий л түүхийн үеийг хамруулахаар бичсэн ба номын нэрээ ч "Монголчууд: Нүүдэл, суудал" гэж өөрчилсөн аж. "Хэвлэлд өгөх өдөр хүртэл үргэлжлэх бүх үеийг эндээ хамруулна" гэж зохиогч ярив.

Бидний мэдэх "ХХ зууны Монгол: Нүүдэл суудал" ч хэлбэр, бүлэглэл ангиллын хувьд нэлээд өөр болжээ. Эхний боть нь л гэхэд 3 дэвтэр 16 бүлэг, 200 гаруй гарчигт хэсгээс бүрдэж буй нь уншигчдад илүү дөт хялбар болгосон хэрэг гэж Баабар гуай тайлбарлалаа. Манай сонинд хэдийгээр нэгдүгээр ботийн хэсэг боловч урьд хэвлэгдсэн номд огт байхгүй хэсгийг нийтэлж байна.

Монголчууд ХIII зуунд тэр үед мэдэгдэж байсан дэлхийн ихэнх хэсгийг эзэлж, дэлхийн нэгдсэн төр түр хугацаагаар байгуулж чадсан нь орчин үеийн ертөнцийн шинэ дэг журам, хуваагдлын эхлэл байлаа гэж зохиогч бичжээ. Үй олон үндэстэн шинээр үүссэн төдийгүй олон үндэстэн мөхөж, олон үндэстэн шинээр хэлбэржин тогтжээ. Шашин, соёл, иргэншлийн хооронд ч хүчний харьцаа үндсээрээ өөрчлөгдсөн байна. Энэхүү өөрчлөгдсөн харьцаа, соёлын харилцаа, мэдээллийн харилцан солилцоо нь өнөөгийн шинэ Ертөнцийн үндсэн жаяг дэгийн суурь болжээ гэж зохиогч үзэж байгаа юм байна. Энэ тухайгаа "Монголчуудын дараах дэлхийн шинэ дэг" хэмээх 8-р бүлэгтээ өгүүлсэн байна. Энэ бол хаана ч хэвлэгдээгүй зүйл. "Улс төрийн сонин"-ы анхны уншигч та л анх удаа уншиж байгаагаараа бахархаж болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

XIII зууны эхээр гэнэт хүчирхэгжин гарч ирсэн монголчууд дэлхийн талыг эзэлснээр хүн төрөлхтөний цаашдын хөгжилд ихээхэн өөрчлөлт оруулсан юм. Сүйтгэл, түймэрдлэгээс гадна өрнө-Дорнын хооронд соёлын их солилцооны бүтээгч нь монголчууд байгаагүй ч хүргэгч элч нь байсан юм. Ромын эзэнт улс задран улмаар мөхсөнөөр Европ тивийг дундад зууны харанхуйлал нөмрөн хэдэн зуун өнгөрсөн байлаа. Тан династи мөхсөнөөс хойш Хятад ч мөн хөгжлийн харанхуй үедээ орсон байлаа. Сэргэн мандаж байсан ганц иргэншил лал нь оргил үеэ өнгөрөөн, загалмайтнуудтай олон жил хүч тэнцсэн тулалдаан арцалдаанд туйлдаж байв. Хүн төрөлхтөний иргэншлийн түүх XIII зуун гэхэд зогсонги байдалдаа орчихсон байлаа. Чухам энэ зогсонги байдлыг монголчууд эвдэж дэлхийг сэрээжээ. Мэдээж гал ус гамшиг зовлонгоор сэрээсэн боловч орчин үеийн ертөнцийн шинэ төрхийг бүтээх их эхлэлийг тавьсан юм.

Хятад үндэстэн

Өнөөдөр дэлхий дээр 1,4 тэрбум хань үндэстэн байна. Гэхдээ хоорондоо үл ойлголцох зургаан өөр хэлээр ярьж 3-4 өөр шашин шүтдэг, өмсөж зүүхээс эхлээд хоолны соёл нь хүртэл хоорондоо эрс ялгаатай энэ үндэстнийг зарим талаас нь авч үзвэл нэгдмэл гэж ойлгоход нэлээд төвөгтэй. Хань үндэстэн гэдгийг европчууд, эсвэл сайндаа л герман юмуу роман овгийнхон, их цаашлаад л англо-саксончууд гэсэн ойлголттой дүйлгэж ойлгож болмоор. Европчууд гэдэгт энэтхэг европ овгийн хэлээр ярьдаг, загалмайн шашны 3-4 янз урсгал шүтлэгтэй, соёл иргэншлийн хувьд эртний герег ромоос гаралтай, латин хэмээх сонгомол бичгийн хэлтэй, антропологийн хувьд нэг арьстанд хамаарах бүлэг хүмүүсийг ойлгодог. Тэгвэл Шар мөрний дэргэдээс үүсэлтэй эртний Хятадын иргэншлээс угшилтай, хүн болон нийгэм орчинтойгоо гармоноор зохицох тухай номлосон хэд хэдэн урсгал шашинтай, нэгдсэн нэг бичиг үсэгтэй, антропологийн хувьд нэг арьстанд хамрах хань үндэстэн яг л ийм хэмжээний ангилалд багтах бус уу.

Гэвч хятадуудад нэг үндэстэн гэх идэнтификаци Юань династи хүртэл байгаагүй аж. Шар мөрний хөндийд Хятадын анхны иргэншил үүсэж МЭө 16-р зуунд Шан династи үүссэн гэж үздэг. Гэтэл сүүлийн үеийн археологийн судалгаа Хөх мөрний хөндийн Сантсидүйд мөн тэр үед бие даасан иргэншил байжээ гэж тогтоож байна. Энэ нь Шангийн хятадуудаас соёл иргэншлийн төдийгүй антропологийн хувьд өөр хүмүүс байсан бололтой. Ингэхээр өнөөгийн Хятадын улс төрийн хүрээнд сонирхоод буй хань үндэстний династи дамжсан Хятадын тасралтгүй иргэншлийн тухай тайлбар батлагдахгүй байна.

Юань династи хүртэл Хөх мөрний сав газрын хятадууд хань үндэстэнд тооцогддоггүй байжээ. Чухам Хубилай тэднийг хүчээр их Хятадад нэгтгэж ханьжуулсан аж. Тэдэнтэй хэл соёлын хувьд мандаринчуудаас илүү ойр өмнөд Вьет нар ханьжуулах процесст хамрагдаагүй учир вьетнам үндэстэн бие даан оршсоор байгаа хэрэг. Ийнхүү хятадын соёл иргэншлээс хол хөндий монголчууд өмнө зүгийн үндэстнүүдэд соёл иргэншлийг нь түгээж нийтлэг нэг үндэстнийг буй болгожээ.

Бээжин гэдэг бол Умард нийслэл гэсэн үг. Үүнээс гадна хятадуудад Наньжин буюу өмнөд нийслэл гэсэн хот бий. Чухамхүү Хубилай хаан Бээжинг нийт Хятадын жинхэнэ нийслэл болгож өгснөөр үндэсний нийтлэгийн нэг төвийг байгуулсан юм. Хожим Минь династийнхан, түүнээс хожим Сун Ятсэний бүгд найрамдахчууд нийслэлийг Наньжингаар тунхаглаж байсан авч энэ нь тун ч түр зуурын хэрэг байсан ба аль аль нь тун удалгүй Бээжиндээ л эргэж ирсэн байна.

Ийнхүү Японы эрдэмтэн Хидэхиро Окадагийн онож хэлснээр "Монголын эзэнт гүрний хятадуудад үлдээсэн хамгийн аугаа өв бол хятад үндэстэн өөрөө билээ."

Оросууд

Византын соёлын шууд үргэлжлэл болсон дорнод словянчууд Русь гүрнийг 988 онд байгуулжээ. Үнэндээ энэ бол өнөөгийн оросууд гэхээсээ украинчууд юм. Славянчуудас өмнө скандинав гарлын варангианууд Дорнод европт нэлээд хугацаагаар хяналтаа тогтоосон байв. Русь хэмээх нэр ч тэднээс гаралтай. Х зууны дундаас словянчууд ноёлон, тэдний хаан Володимир (I Владимир) загалмайн шашинд орж Киев хотыг усан баталгаажуулжээ.

XI зуунд Киевийн Русь задран бие даасан Новогород, Баруун хойд, Зүүн хойд, Баруун өмнөд болон салсан аж. Чухам энэ үед нь Бат хааны цэрэг ирж бүх Оросыг нэгтгээд, үнсэн товрог болсон Киевийн оронд Ижил мөрний хөвөөнөө Сарай хотоор нийслэл хийсэн Алтан орд хэмээх гүрэн байгуулжээ.

Алтан Ордыг Донын Дмитрий 1380 онд түлхэн унагасан мэтээр бичсэн түүхэн сурвалж их бий. Гэтэл Дмитрий Алтан Ордын Мамай хааныг нэг удаа ялсан ба хойтон жил нь Тохтамиш ирж Мамайг бүрэн зайлуулаад улсаа дахин нэгтгэсэн ба Москваг довтолсон билээ. Энэ үед ид хүчээ авч байсан доголон Төмөр хаан Сарайг байн байн довтолж Алтан Ордыг ихэд сулруулжээ.

Хожим Сарайг хяналтдаа авсан өз Бэк хаан Новогород болон Псковтой тэмцэлдэж энэ ажиллагаандаа Москвагийнхныг татан оруулсан юм. өз бэк хаан Москвагийн эрхэнд гарсан Иван хааныг зүйл бүрээр дэмжлээ. Ялангуяа өөрийн хяналтад байсан Крымээр дамжуулан Константинополь, Москва хоёрыг холбож өгсөн нь Дорнод славянчууд дундаас шинээр бүрэлдэн тогтож байсан москвагийн оросууд давамгайлан гарч ирж төв цэг нь болох гол шалтгаан болсон юм. Ийнхүү монголчуудын довтолгоон хийгээд олон жилийн ноёрхол нь нэгд Киевийн соёлыг устгасан, хоёрт Дорнод словянчуудыг өрнийн ертөнцөөс тасалсан, гуравт Москвагийн орос үндэстнийг буй болгосноор үл барам дорнод словянчууд дундаа үнэмлэхүй ноёлох хүч нь болгон хувиргасан ажгуу.

Яваандаа Алтан Орд хумигдахын хэрээр эрх мэдэл Орос удмынхны гарт аажмаар шилжиж эхлэв. Энэ шилжилт бараг дөрвөн зуун жил үргэлжилсэн ба II Екатерина хатан хаан Алтан ордны хамгийн сүүлчийн үлдэгдэл Крымын татаарыг буулгаж авснаар өндөрлөсөн билээ. Энэ урт хугацаанд оросууд түрэг монгол угсааныхныг өөртөө уусгаж авах аргаар эзэлж байсан юм. Юм хоёр талтай байдаг тул энэ хооронд оросууд өөрснөө угсаатны хувьд маш их түрэгжжээ.

Балт болон Византын орнуудын улс төр, худалдааны хоригт хавчигдаж байсан дорнод словянчуудыг ийнхүү монголчууд хорионоос чөлөөлсөн төдийгүй Энэтхэг, Перс, Хятад, Египет хүрсэн дэлхийн улс төр, худалдааны сүлжээнд оруулж өгчээ.

Монголчуудын Орост үлдээсэн их өв бол Оросын хүчирхэг төрийн систем юм. Энэ төр хар аяндаа түүхэн тохироогоор буй болоогүй, үүнийг дээрээс нь доош хүртэл, гаднаас нь болон дотроос нь монголчууд буй болгон хөгжүүлсэн аж. Төр шашны хүчирхэг Москва төвтэй Оросын төр буй болсон цагаасаа хэнд ч ялагдаж байсангүй. Хүчирхэг төрийн үндэс нь Үнэн алдарт шашинд байлаа. Монголчууд Үнэн алдарт шашныг онцгойлон халамжилж, зүйл бүрээр дэмжиж байв. 1328 онд Метраполитоны Петрийн сүмийг Москвад шилжүүлсэн нь нэгд дайны хөлөөс хол аюулгүй газарт, хоёрт монголчуудын хамгаалалтад ойр байлгах зорилготой байв. Үнэн алдартны сүмийг хамгаалах онцгой зарлиг гаргаж, сүм хийдэд халдсан явдлыг хүнд гэмт хэрэгт тооцдог болсон ба сүм хийдийг бүх төрлийн татвараас чөлөөлсөн төдийгүй өөрснөө татвар цуглуулах эрх олгож байжээ.

Монголчуудын Орост үлдээсэн аугаа их өв бол орос үндэстэн өөрөө юм.

Энэтхэг

Өдгөө тэрбум хүнтэй Энэтхэг улс нь үй олон үндэстэн, шашинтан, угсаатан, тэр байтугай арьстны аугаа хольц билээ. Британийн колони задарсны дараа Энэтхэг нь Энэтхэг, Пакистан улс болон задарсан ба хожим Бангла Деш улс бас тусгаар тогтносон юм. Британичууд байгаагүй бол Энэтхэг нь үй олон бие даасан тусгаар улсууд байх байсан гэж ярьдаг. Гэвч Британичууд өөрснөө Могол хэмээх нэгдсэн гүрнийг ХҮIII зуунд хүлээж авсан билээ.

Дэлхийн ууган иргэншлийн нэг Энэтхэгт хэдэн мянган жил төр улсын хүчирхэг систем оршин тогтножээ. Гэвч энэ нь ихэнхдээ Энэтхэгийн хойгийн умарт хэсэг, Химлайн өвөр хэсгийг хамарч байлаа. Гупта эзэнт гүрэн, хожим энд ноёлох болсон лалынхны нөлөөний Дэллийн султанат Энэтхэгийн хойгийн умардад ноёлж байв.
Чингисийн аян дайны хөлд Энэтхэг нэрвэгдээгүй юм. Хорезмийн шах Мухамадын хүү зоригт Жалал ад Дин Энэтхэгт зугтан ирж хүчээ сэлбээд эргэж явж байсан. Химлайн өндөр уулс газар зүйн саад болж монголчуудын яавч үл тэсвэрлэх халуун цаг уурын хаалт болж байсан бололтой. Харин хожим хүчирхэгжсэн Төмөр хаан Энэтхэгийг эзэлжээ. 1398 оны 9-р сард Инд мөрний баруун эрэгт гарч чадсан Төмөрийн цэрэг удалгүй Дэллиг бүсэлж 12-р сард бүрэн буулгаж авсан байна. Доголон Төмөр өөрийн ердийн араншингаар Дэллиг түймэрдэж, тонож, хуйхалж, өргөн аллага явуулсан аж. Ингээд тэр буцав. Нутаг буцахдаа аль болох тойруу замаар явж тонож дээрэмдэх талбайгаа томсгож байсан гэдэг. Хятадыг эзлэх мөнхийн мөрөөдөлдөө хөтлөгдөж явсан Төмөр дараагийн аян дайндаа яарч байжээ.

Үүнээс хойш умрын зэрлэгүүд Энэтхэгт удаан хугацаагаар үзэгдсэнгүй. Зуу гаруй жил Энэтхэгийн дайны дараахан Самаркандад ирсэн Испанийн жуулчин Гонсалес дэ Клавёхо тонуулаар олсон их баялгийг нь харсан ба ялангуяа тэндээс авчирсан заан сонирхлыг нь маш их татсан байна.

Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадайн удам, Чингисийн 13-р үеийн удам Бабур Самаркандад хаан болсноор Энэтхэг шохоорхол дахин амилав. Бабур бол Эцгийн талаасаа Төмөр хааны, эхийн талаасаа Чингис хааны удам юм. Тэрээр Умард Энэтхэгийг эзэлж Их Могол улсын суурийг тавилаа. Бабур өөрийгөө түрэг хүн гэдэг байжээ, учир нь тэр үед монгол гэсэн нэр нь зэрлэг, бүдүүлэг гэсэнтэй адил утгатай байв.

Байгуулсан улсыг нь Могол гэж нэрлэснийг мэдсэн бол галзуурах байсан болов уу.1 Монгол гэхийг перс, араб хэлээр могол гэдэг юм байна. Төмөр хаан өөрийгөө барлас овгийн монгол хүн гэдгийг үргэлж дурсан түүгээрээ бахархдаг, гүр буюу их хааны хүргэн гэсэн цолоороо бахаддаг байв. Хожим 1941 онд түүний шарилыг ухахад удмын бичиг нь гарсан, тэндээс үзэхэд Чингисийн өвөг дээдэс Бодончир мэргэнээс гаралтай аж. Бабур хаан илүү иргэншсэн хүн байсан тул өөрийн монгол гарлаас ичдэг байсан байж болох юм. Гэвч тэрээр Төмөр хааны ярьдаг байсан хэлээр ярьж бичдэг байжээ. 1770 он хүртэл Их Могол улсын хаадын хэл нь ч энэхүү монгол хэлний нэг аялга байсан ба нууц үг солилцох болбол хааны гэр бүлийнхэн энэ хэлээрээ хоорондоо ярилцдаг байжээ2. Энэтхэгчүүдийн баруун хэсэг нь моголчуудын нөлөөгөөр лалжсан ба араб бичиг хэрэглэх боллоо. өөрсдийн ярьдаг хэлийг ч хиндигээс өөр, илүү язгуурын болгох гэж урду гэж нэрлэх болов. Энэ нь Орд гэсэн монгол үг ажгуу.

Бабурын ач хүү Акбар 1556 - 1608 онд төр барьж байх үед Их Могол улс хөгжил цэцэглэлийн оргилдоо хүрчээ. Энэтхэгийн хойгийг бүтнээр нь эзэлсэн эзэнт гүрэн буй болсон юм. Лалын нөлөөллөөр лал хүнийг илүүд үзэж бусдаас нь татвар авдаг байсан Дэллийн султанатын алагчилсан системийг Акбар халж, хинди, ража үндэстэнд ч моголчуудын харъяат ард иргэд мэтээр бусдыг захирч байх эрх олгожээ3. Цэргийн зохион байгуулалтаа монголчуудын аргаар аравтын системд оруулж, хүчирхэг найдвартай армитай болжээ. Лалын болон хиндугийн уламжлалтай сөргөж эмэгтэй хүний нэр хүндийг өргөж байсан нэг жишээ гэвэл мөнөөх алдарт Таж Махалын ордон юм.

XҮIII зуунд англичууд орж ирэх хүртэл моголчууд Энэтхэгийн хойгт хүчирхэг төрийн тогтоц байгуулан хөгжүүлж байлаа. Монголчууд Хятадыг дэлхийн худалдааны хамгийн ашигтай цэг болгон хувиргасан бол моголчууд Энэтхэгийг нэгдсэн хүчирхэг үндэстэн болгожээ.

Ийнхүү Чингисийн удмынхан Энэтхэгт тэдний хааны нэрээр он удаан жил захирч суусан юм. Хамгийн сүүлчийн хаан Бахатурыг англичууд 1857 онд Бирм руу цөлжээ. Бахатур гэсэн нь баатар гэсэн монгол үг ба багатур, багатыр, богатыр, бохатэр гэх мэтээр олон хэлэнд нэвчин орсон байдаг ч нэг л утгыг илэрхийлдэг. Англичууд энэтхэгчүүдийн бахархал болсон Их Моголын хаан цолыг ид цэцэглэж байсан Британий эзэнт улсын хатан хаан Викторид 1877 онд шилжүүлэн авч өгчээ. 1911 онд Британийн хаан Ү Жоорж хатан хаан Мэрийгийн хамт Энэтхэгт айлчиллаа. Их Моголын хааны титэмтэйн хувьд хийсэн анхны айлчлал юм. Дээл, хувцас, титэм гоёл нь моголчуудын их хаадын үнэт эдлэлийг дуурайн үйлджээ. Ийнхүү Британийн эзэнт гүрэн ид цэцэглэж байх үедээ билэг тэмдэг нь монголчуудтай нягт холбогдсон байв.

Лалын ертөнц

Лалын ертөнцийг сэмит хамит угшлын арабчууд анх бодож олон толгойлжээ. Тэд энэ үзэл суртлыг толгойлсон төдийгүй дэлгэрүүлэх ажлыг ҮII-XIII зуун хүртэл өөрснөө эрхэлж байв. Гэвч лалын ертөнцийг тэлэх гол үйлсийг алтай овгийн Азийн гүн дэх нүүдэлчид гүйцэтгэсэн юм.

Төв Азиас гаралтай түрэгүүд юун түрүүн энэ шашныг эрхэмлэгчид болов. Төв Азийн нүүдэлчид лалын ертөнц рүү гурван удаагийн их түрлэг хийсэн байна. Нийтдээ 400 жил үргэлжилсэн энэ түрлэгийн эхнийх нь Сэлжүк түрэгүүд (Seljuqs) 1055-1092, дараа нь монголчууд 1256-1411 онд, дараа нь удаах монголчууд (neo-Mongols) 1369-1405 онуудад болжээ. Түрлэг бүр нь эзлэн түрэмгийллээр эхэлж аяндаа уусан лалын гол тулгуур нь болон өөрчлөгдсөн байна.

Сэлжүк нар Иран, Мезапотамыг эзлэхийн өмнө Сыр Даръяа (Syrdarya) мөрөн орчмоор нутагладаг огуз түрэг үндэстэн байжээ. Тогрил Бэг (Toghril Beg)хаан өөрийгөө султан гэх болсон ба тэд баруун Иранд довтолж улмаар 1055 онд лалын нийслэл Багдадыг эзэлжээ. Улмаар баруун тийшлэн Сирийг эзэлж 1071 онд Византыг (Byzantine) унагав. Түрэг нар лалын шашинд орсон төдийгүй өөрийн алтай овгийн бусад үндэстнүүдийг ч лалжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Лалын ертөнцөд түрэгүүд чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

Монголчууд Чингис хааны удирдлагаар анх 1220 онд лалын ертөнцөд халдлаа. Сартуултай хийсэн энэ тулалдаанаар монголчууд Япон тэнгис, Каспийн тэнгисийн хоорон дахь өргөн уудам газрыг эрхшээлдээ авсан юм.

Чингисийн ач хүү Мөнх их хаан болуутаа Монголын эзэнт гүрний хилийг өмнө ба баруун тийш тэлэхээр шийдсэн нь Лалын ертөнцийн хувь зохиолд ихээхэн өөрчлөлт оруулжээ. Дүү Хүлэгүг 1256 онд өрнө зүг илгээлээ. Хүлэгү лалын ертөнц рүү дайлахад наад талд нь ассасинчууд хэмээх ер бусын хүчин зүйл умарт Иранд оршиж байлаа. XI зуунд буй болсон энэхүү лалын нэгэн тулгар урсгалынхан 200 жилийн турш Перс арабчуудын зүрхийг зүссэн аллага, террор үйлддэг байжээ. Тэд гол төлөв Персийн болон лалын бусад нөлөөтэй удирдагчдыг террор хийн устгахыг чухалчилна. Даалгавар гүйцэтгэгчийг хашиш хар тамхиар мансууруулан тулгар үзэлт болгодог байлаа. Иймээс хашиш гэдэг нэрнээс үндэслэн ассасинчууд гэх болсон ба өдгөө англи хэлэнд улс төрийн аллагыг assassination гэх болсон нь эндээс гарсан нэр.

Хүлэгү лалын ертөнц рүү дайлаар мордох үед ассасинчууд хамгийн цэцэглэлтийнхээ үед байв. Нийт лал шашинтан дотор тооны хувьд цөөн тэд үнэнхүү мэргэшсэн алуурчид байсан тул хүчирхэг гүрнүүд ч айдаг байв. Энэ үед түүхэнд хамгийн аймшигт хүний нэгээр домог болон үлдсэн Уулын өвгөн ассасинчуудыг толгойлж байлаа. Хүлэгү 1256 онд тэдний гол ичээг амархан буулган авч толгойлогчдыг нь баривчилжээ. Персийн алдарт түүхч Жүвэйни Монголчуудын байлдан дагуулал номондоо монголчуудын талаар нэлээд сөрөг дүгнэлттэй байдаг авч чухам ассасинчуудыг устгасан явдлыг ихэд сайшааж "Чингис хаан болон түүний албатууд нь энэ балмад буруу номтнуудыг устгахаар бодож Бурханы илгээсэн цээрлэлийн зэмсэг аж. Чингис хаан мандан гарч ирсэн нь Бурханы нууц зорилгын үнэн санааг тодруулж байна"4 гэжээ.

Гэвч монголчууд лалын дотор буй бусармаг буруу номтныг устгаад зогсоогүй нийт лалын ертөнцийг доргион өдий хүртэл тогтсон байсан байдлаас нь гаргаж өөр урсгалд оруулжээ. Таван зуун жил лалын нийслэл болж байсан Багдадыг түймэрдсэнээр дахин сэргээхгүйгээр шахам болгожээ. Үүнээс хойш Багдад төвийн үүргээ хэзээ ч гүйцэтгээгүйгээр үл барам лалын ертөнцийг алтай овгийн үндэстнүүд толгойлох болсон юм.

Монголын эзэнт гүрнийг дахин босгох гэж оролдсон Төмөр хаан үүнээс хойш 150 жилийн дараа лалын өлгий нутгийг дахин нэг бужигнуулсан билээ. Төмөрийн дараагаас алтай овгийнхон, тодорхой хэлбэл түрэгүүд лалын ертөнцийг дараагийн 500 жилд нь оройллоо. "Орос хүнийг сайтар маажвал цаанаас нь татаар гарч ирнэ" гэсэн хэллэг дэмий нэг үг биш болов уу. Монголчуудын тогтоосон Pax Mongolica дундуур лалын ертөнцөд төрсөн хамгийн аугаа аялагч, шашин номлогч Ибн Баттута (Ibn Battutah) Зүүн Африкаас Индонезийн арлууд хүртэл 120 мянган км аялж газар газар байх монгол хаадтай уулзаж явжээ. Монголчууд ч тэр үед олноороо лалын шашинд орж захиран буй газрынхаа хүн амтай ижилшиж байв. Анхных нь Ил хаадын хаан болсон буддын шашинт Газан 1295 онд өөрийгөө лалд дагаар орсноо зарлажээ. Түүний ач нь бүр Ал Сайд гэсэн араб нэр авсан байна. Суурьшсан монголчууд удалгүй бүгд лалжжээ. Орчиндоо дасан зохицомхой нүүдэлчин монголчууд шашныг нь хүлээж авч байсан болохоос өөрснөө энэ шашныг дэлгэрүүлэгчид биш байсан болов уу. Харин лалын шашин Африкийн гүн, өмнөд болон Зүүн өмнөд Азийн Энэтхэгийн далайгаар тархахад монголчуудын аян дайн ихээхэн нөлөөлсөн юм. Түүхийн гольдрол өөрчлөгдсөн хэрэг. Зүүн өмнөд Азийн хамгийн анхны албан ёсны лал шашинт улс Ацэх (Aceh) 1524 онд Суматрын арал дээр байгуулагдлаа.

No comments:

Post a Comment